Шууд Chart

“Милк фестиваль-2026” арга хэмжээ зохион байгуулна

2026-05-29 16:35:56

Дэлхийн 50 гаруй улсад 2001 оноос эхлэн жил бүрийн зургаадугаар сарын 01-ний өдрийг “Дэлхийн сүүний өдөр” болгон тэмдэглэж, сүү, сүүн бүтээгдэхүүний шим тэжээл, ач холбогдлыг сурталчлан таниулдаг уламжлалтай. Дэлхийн сүүний өдрийг Монгол Улс 2016 оноос хойш уламжлал болгон тэмдэглэж ирсэн юм. Энэ жилийн Дэлхийн сүүний өдрөөр “Милк фестиваль”-ийг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Дэлхийн сүүний өдрийг угтан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, холбогдох төрийн бус байгууллагууд, үйлдвэрлэгч, фермерүүдийн төлөөллийг оролцуулсан хэвлэлийн бага хурлыг жил бүрийн 05 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулдаг уламжлалтай.

Энэ жилийн хэвлэлийн бага хуралд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэн, Ази тивийн сүүний түншлэлийн Нарийн бичгийн дарга нарын газрын гүйцэтгэх захирал Б.Батбаатар, Монголын сүүний салбарыг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга Б.Энхтуяа, Монголын сүүний нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Б.Жадамбаа, “Сүү” ХК-ийн Сүү бэлтгэлийн албаны захирал Б.Амарбаясгалан нар оролцлоо.    

Энэ жилийн Дэлхийн сүүний өдрөөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулах “Милк фестиваль-2026” арга хэмжээний хүрээнд сүү, сүүн бүтээгдэхүүний ач холбогдлыг сурталчлах, “Өдөр бүр нэг аяга сүү” хөтөлбөрийг дэмжих болон хүүхэд багачуудад эрүүл хүнсний зөв дадал олгох төрөл бүрийн үйл ажиллагаа болох юм байна.

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийг чанартай сүүгээр хангах зорилгоор “Өдөр бүр нэг аяга сүү” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж буй. Энэ хөтөлбөрт 18 аймгийн ерөнхий боловсролын 378 сургууль, 192 цэцэрлэгийн хүүхдүүд хамрагдаад байна.

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас сүүний хэрэглээг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийг дэмжих, нийлүүлэлтийн улирлын хамаарлыг бууруулах зорилгоор сүүний урамшууллыг олгож байна. Сүүний урамшууллын гол зорилго нь импортын хуурай сүүний хэмжээг багасгах, дотоодын үйлдвэрүүд, малчин, фермерүүдээ дэмжихэд чиглэдэг юм.

Мөн сүү бэлтгэлийн тогтолцоог анхан шатнаас эцсийн бүтээгдэхүүн хүртэлх бүх үе шатанд чанар, стандартын шаардлагад нийцүүлж, хүртээмжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.







 


“Милк фестиваль-2026” арга хэмжээ зохион байгуулна  
Үзсэн: 125 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй