Шууд Chart

Беларусь улс биотехнологид тулгуурлан хөдөө аж ахуйн өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж байна

2026-06-03 10:49:49

Беларусь улс хөдөө аж ахуйн уламжлалт үйлдвэрлэлээ биотехнологийн салбартай уялдуулан хөгжүүлж, экспортын шинэ бүтээгдэхүүн бий болгох чиглэлд сүүлийн жилүүдэд томоохон хөрөнгө оруулалт хийсэн нэг жишээ нь “Беларусын Үндэсний биотехнологийн корпораци” (БНБК) юм.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат болон айлчлалын бүрэлдэхүүнд багтсан салбарын аж ахуйн нэгжүүдийн удирдлагууд тус корпорацийн үйл ажиллагаатай танилцаж, үйлдвэрлэлийн туршлага судаллаа.

Тус корпораци нь Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны зарлигаар байгуулагдсан, хөдөө аж ахуйн түүхий эдийг гүн боловсруулан өндөр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой үндэсний хэмжээний стратегийн төсөл юм. Минск хотоос 40 гаруй км зайтай Пуховичийн дүүрэгт байрлах тус цогцолбор нь үр тариаг гүн боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж, орчин үеийн агро аж үйлдвэрийн томоохон цогцолбор болон хөгжжээ.

Үйлдвэрийн бүтээн байгуулалт үе шаттайгаар хэрэгжиж, өнөөдөр тэжээлийн зориулалттай амин хүчил, холимог тэжээл болон бусад биотехнологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Зүүн Европын томоохон үйлдвэрлэгчдийн нэг болсон байна.
Тус корпораци лизин, треонин, триптофан зэрэг мал аж ахуй, тэжээлийн үйлдвэрлэлд өргөн хэрэглэгддэг амин хүчил үйлдвэрлэдэг. Жилд 72.3 мянган тонн амин хүчил, 547.2 мянган тонн холимог тэжээл, 96 мянган тонн премикс үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд улаан буудайн цавуулаг, цардуул, глюкозын сироп зэрэг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна.

Беларусь улс өмнө нь эдгээр бүтээгдэхүүний тодорхой хэсгийг импортоор хангадаг байсан бол биотехнологийн корпораци ашиглалтад орсноор дотоодын хэрэгцээгээ хангахаас гадна экспортын шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрджээ. Ялангуяа малын тэжээлийн үйлдвэрлэлд чухал ач холбогдолтой амин хүчлүүдийг дотооддоо үйлдвэрлэснээр импортын хамаарлыг бууруулах нөхцөл бүрдсэн гэв.

Тус корпораци нь зөвхөн үйлдвэрлэлийн хэмжээгээрээ бус технологийн түвшнээрээ онцлогтой. Үр тариаг биотехнологийн аргаар боловсруулан өндөр цэвэршилттэй амин хүчил үйлдвэрлэдэг бөгөөд үйлдвэрлэлийн бүхий л шат нь орчин үеийн автоматжуулсан удирдлагын системээр хянагддаг байна.

Нийтдээ 14 үйлдвэрлэлийн болон дэд бүтцийн нэгжээс бүрдсэн цогцолбор бөгөөд 2000 орчим ажилтантай. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа тасралтгүй явагддаг тул нэг ажлын байранд ээлжийн зохион байгуулалтаар 4 ажилтан ажилладаг талаар үйлдвэрийн төлөөлөл танилцууллаа.

Мөн жилээс жилд экспортын зах зээлээ тэлж, бүтээгдэхүүнээ ОХУ, БНХАУ болон бусад 10 гаруй оронд нийлүүлж байна.

Беларусь улс хөдөө аж ахуйн салбарын уламжлалт давуу талаа ашиглан түүхий эдээ гүн боловсруулж, өндөр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бодлогыг хэрэгжүүлж буй нь тус корпорацийн үйл ажиллагаанаас тод харагдаж байлаа. Үр тариаг түүхий хэлбэрээр экспортлохын оронд боловсруулан дэлхийн зах зээлд нийлүүлж байгаа нь Беларусь улсын хөдөө аж ахуйн салбарын хөгжлийн шинэ чиг хандлага юм.

Монгол Улсын хувьд мал аж ахуй, тэжээлийн үйлдвэрлэлийн салбарт ашиглагддаг бүтээгдэхүүн үйлдвэрлэх дэвшилтэт технологи, менежментийн туршлагатай танилцсан нь энэхүү айлчлалын онцлох үйл явдлын нэг байлаа гэж Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.


Беларусь улс биотехнологид тулгуурлан хөдөө аж ахуйн өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж байна  
Үзсэн: 69 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй