Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад дэгдээд буй Эбола вирусний халдварын үед таван хүн эдгэрч, эмнэлгээс гарсан нь нөхцөл байдал хүнд хэвээр ч найдвар төрүүлж буй аж.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, БНАКУ-ын Буниа хотын эмнэлэгт эмчлүүлж байсан дөрвөн сувилагч Эбола вирусний Бундибугьо омгийн халдвараас эдгэрэн эмнэлгээс гарчээ. Үүнээс өмнө нэг лабораторийн ажилтан эдгэрсэн бөгөөд нийт эдгэрсэн хүний тоо тавд хүрэв.
Тус улсад Эбола вирусний батлагдсан тохиолдол нэмэгдсээр байгаа бөгөөд халдварын улмаас нас барсан хүний тоо ч өсжээ. Одоогийн дэгдэлт нь Эбола вирусний Бундибугьо омгоор үүсгэгдсэн. Энэ омгийн эсрэг бүрэн батлагдсан вакцин, эмчилгээ одоогоор байхгүй нь халдварын хариу арга хэмжээг хүндрүүлж буй гол хүчин зүйл болж байна.
Гэсэн ч эрт оношилж, чанартай эмнэлгийн тусламж үзүүлбэл өвчтөн эдгэрэх боломжтойг олон улсын эрүүл мэндийн байгууллагууд онцолжээ. Эмнэлгийн ажилтнууд эдгэрсэн нь халдварын эсрэг тэмцэлд эерэг дохио болж, эмчилгээ, сувилгааны ач холбогдлыг харуулж байна.
ДЭМБ өмнө нь БНАКУ болон Уганда дахь Эбола вирусний дэгдэлтийг олон улсын анхаарал татсан нийгмийн эрүүл мэндийн онц байдал гэж зарласан. Халдвар БНАКУ-ын Итури мужид голлон тархаж, Хойд болон Өмнөд Киву мужид мөн бүртгэгджээ. Хөрш Уганда улсад ч халдварын батлагдсан тохиолдол нэмэгдсэн.
Бүс нутагт зэвсэгт мөргөлдөөн, хүн амын шилжилт хөдөлгөөн, эрүүл мэндийн байгууллагад итгэх итгэл сул зэрэг хүчин зүйл халдварын тандалт, хяналт, эмчилгээнд хүндрэл учруулж буйг олон улсын байгууллагууд анхаарууллаа.
Гэсэн хэдий ч эдгэрсэн тохиолдлууд нь эрт илрүүлэлт, эмнэлгийн тусламж үйлчилгээ, олон нийтийн хамтын ажиллагаа Эбола вирусний эсрэг тэмцэлд чухал болохыг дахин харуулж байна.
| Эбола өвчний эдгэрсэн тохиолдлууд найдвар төрүүлэв | ||
| Үзсэн: 49 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.