Шууд Chart

Трамп хиймэл оюуны аюулгүй байдалд чиглэсэн захирамжид гарын үсэг зуржээ

2026-06-03 11:46:09

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хиймэл оюуны хамгийн дэвшилтэт загваруудыг олон нийтэд нэвтрүүлэхээс өмнө Засгийн газарт сайн дурын үндсэн дээр танилцуулж, кибер аюулгүй байдлын эрсдэлийг шалгуулах тухай захирамжид гарын үсэг зуржээ.

Уг захирамжийн дагуу технологийн компаниуд шинэ хиймэл оюуны загвараа нийтэд гаргахаас өмнө АНУ-ын төрийн байгууллагуудад 30 хүртэл хоногийн хугацаанд шалгуулах боломжтой. Энэ нь заавал биелүүлэх журам бус, харин сайн дурын хамтын ажиллагаанд тулгуурласан зохицуулалт аж.

Захирамжид Сангийн яам, Батлан хамгаалах яам, Худалдааны яам, Дотоодын аюулгүй байдлын яам болон бусад холбогдох байгууллагыг хиймэл оюуны компаниудтай тохиролцоо хийхээр тусгасан байна. Төрийн байгууллагууд тухайн загвар нь кибер халдлага, чухал дэд бүтцийн аюулгүй байдал, үндэсний аюулгүй байдалд ямар эрсдэл үүсгэж болохыг урьдчилан үнэлэх юм.

Энэхүү шийдвэр нь Трампын засаг захиргаа хиймэл оюуны салбарт өмнөхөөсөө илүү идэвхтэй хяналт тавих чиглэл рүү шилжиж буйг харуулж байна. Өмнө нь тус засаг захиргаа технологийн салбарт хатуу зохицуулалт тогтоохоос болгоомжилж, АНУ-ын өрсөлдөх чадвар, инновацад саад учруулахгүй байх байр суурь баримталж ирсэн юм.

Анхны хувилбарт хиймэл оюуны загваруудыг 90 хүртэл хоног шалгах заалт тусгагдаж байсан ч эцсийн захирамжид энэ хугацааг 30 хоног болгон богиносгожээ. Зарим технологийн компани ийм төрлийн урт хугацааны шалгалт нь шинэ бүтээгдэхүүн гаргах явцыг удаашруулж, АНУ-ын хиймэл оюуны салбарын өрсөлдөх чадварт нөлөөлж болзошгүй гэж болгоомжилсон байна.

Сүүлийн үед хүчирхэг хиймэл оюуны загварууд кибер аюулгүй байдлын эмзэг цэг илрүүлэх, зарим тохиолдолд халдлагын арга замыг илүү боловсронгуй болгох эрсдэлтэй гэх анхааруулга нэмэгдсэн. Тиймээс Цагаан ордон уг захирамжийг үндэсний аюулгүй байдал, кибер хамгаалалтыг бэхжүүлэх алхам гэж тайлбарлажээ.

Гэхдээ уг зохицуулалт нь хиймэл оюуны компаниудад заавал биелүүлэх зөвшөөрлийн тогтолцоо тогтоогоогүй. Харин Засгийн газар, хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар эрсдэлийг эрт илрүүлж, олон нийтэд нэвтрэхээс өмнө аюулгүй байдлын үнэлгээ хийх зорилготой гэж албаныхан мэдэгдэв.

Шинжээчдийн үзэж буйгаар, энэ алхам нь АНУ хиймэл оюуны хөгжлийг хэт хязгаарлахгүйгээр үндэсний аюулгүй байдлын эрсдэлийг бууруулах тэнцвэр хайж буйг илтгэж байна. Хятадтай өрсөлдөх технологийн өрсөлдөөн ширүүсэж буй энэ үед Вашингтон хиймэл оюуны салбарт тэргүүлэх байр сууриа хадгалах, нэгэн зэрэг шинэ эрсдэлээс сэргийлэхийг зорьж буй юм.


Трамп хиймэл оюуны аюулгүй байдалд чиглэсэн захирамжид гарын үсэг зуржээ  
Үзсэн: 61 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй