Шууд Chart

“Говийн чоно-2026” олон улсын сургалт, дадлага сургуулийн бэлтгэл ажлыг хангах дунд шатны зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа

2026-06-03 12:12:14

Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-ын Номхон далайн хуурай замын цэргийн командлалтай хамтран “Говийн чоно-2026” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургуулийг Увс аймагт зохион байгуулах хүрээнд бэлтгэл ажлыг хангах дунд шатны зөвлөлдөх уулзалтыг тус аймагт зохион байгууллаа.

Зөвлөлдөх уулзалтад ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг тэргүүтэй ажлын хэсгийн бүрэлдэхүүн, АНУ-ын Энэтхэг, Номхон далайн командлалын Иргэн цэргийн багийн ажилтан, тэргүүн түрүүч Карлтон Шварц тэргүүтэй төлөөлөгчид оролцож, сургалт, дадлага, туршлага солилцох үйл ажиллагааны үзэл баримтлалыг баталж, хээрийн дадлага сургууль зохион байгуулах байршилтай танилцаж, орон нутгийн удирдлага, үйлчилгээний байгууллагуудын төлөөлөлтэй санал солилцсон юм.

Уулзалтын үеэр АНУ-ын Энэтхэг, Номхон далайн командлалын иргэн цэргийн багийн ажилтан, тэргүүн түрүүч Карлтон Шварц “Энэхүү олон улсын сургалт, дадлага сургуулийг зохион байгуулснаар орон нутгийн төрийн байгууллагууд болон иргэд гамшгийн бодит нөхцөл байдалд хариу арга хэмжээ авах, бэлтгэл, бэлэн байдлаа хангах мэдлэгийг дээшлүүлж, өөрсдийн чадавхыг сайжруулах ач холбогдолтой.

Энэ удаагийн уулзалтаараа бид орон нутгийн Онцгой байдлын алба хаагчид болон оролцогчдод үзүүлэх дадлага сургуулийнхаа цагийн байдлын өрнөлийг нарийвчлан хэлэлцлээ. Мөн олон улсын сургалт, дадлага сургуулийн үеэр орон нутгийн худалдаа, үйлчилгээ эрхлэгч байгууллагуудтай хамтран ажиллана.

Тиймээс эдгээр байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж санал солилцож байна. Бид “Говийн чоно” олон улсын сургалт, дадлага сургуулийг  өөр аймаг орон нутгуудад амжилттай зохион байгуулж байсан. Энэ удаагийн сургалт, дадлага сургууль ч мөн үр дүнтэй, амжилттай болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцолсон юм.

Аймгийн Засаг дарга Э.Насанбатын хувьд олон улсын дадлага сургууль гамшгаас хамгаалах бэлэн байдлаа хангах, чадавхиа нэмэгдүүлэхэд ач холбогдолтой сургалт дадлага болохоос гадна олон улсын зочид төлөөлөгчид ирж байгаа нь аялал жуучлалыг хөгжүүлэх, орон нутагтаа хөрөнгө оруулалт татах, өөрсдийн ёс заншил, уламжлалаа таниулах чухал арга хэмжээ болно гэдэгт итгэлтэй байна гээд бэлтгэл ажлыг хангаж, бүх талаар хамтран ажиллахаа илэрхийллээ.

Ирэх есдүгээр сард болох тус олон улсын сургалт, дадлага сургуульд 16 орны зочид төлөөлөгчид, гадаад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, олон улсын байгууллагуудын төлөөллүүд оролцож, гамшгийн эрсдэлийн удирдлага, эрэн хайх, аврах ажиллагаа, хүмүүнлэгийн тусламжийн чиглэлээр сургалт, дадлага зохион байгуулж, туршлага солилцоно.

Байгалийн гамшгийн давтамж, эрсдэл нэмэгдэж байгаа энэ үед гамшгийн үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулахад олон улсын хамтын ажиллагаа онцгой ач холбогдолтой. Тиймээс 11 дэх удаагаа зохион байгуулах “Говийн чоно-2026” дадлага сургууль нь гамшгийн үеийн хамтын ажиллагааг бодитоор туршин сайжруулах, оролцогч талууд туршлага, мэдлэгээ солилцох, практик сургалтаар дамжуулан шинэ сорилтуудыг даван туулах чадавхаа бэхжүүлэх, улмаар урт хугацааны түншлэл, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэж байна.


“Говийн чоно-2026” олон улсын сургалт, дадлага сургуулийн бэлтгэл ажлыг хангах дунд шатны зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа  
Үзсэн: 71 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй