Шууд Chart

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүнээр таван улс сонгогдлоо

2026-06-04 09:52:17

НҮБ-ын Ерөнхий Ассамблей лхагва гарагт Австри, Киргизстан, Португал, Тринидад ба Тобаго, Зимбабве улсыг Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүнээр сонгожээ. Эдгээр улс 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хоёр жилийн хугацаатай үүрэг гүйцэтгэнэ.

Баруун Европ болон бусад улсын бүлэгт хоёр суудлын төлөө өрсөлдсөн Португал 134, Австри 131 санал авч сонгогдсон бол Герман 104 саналтайгаар гуравдугаарт бичигдэж, Аюулгүйн зөвлөлд суудал авч чадсангүй.

Ази, Номхон далайн бүлгийн суудлын төлөө Филиппин, Киргизстан өрсөлдөж, санал хураалт дөрвөн шат үргэлжилсэн байна. Эцэст нь Киргизстан шаардлагатай гуравны хоёрын олонхын санал авч, 142:49-ийн харьцаагаар ялснаар анх удаа НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүнээр сонгогдов.

Зимбабве Сомалийн, Тринидад ба Тобаго Панамын, Португал болон Австри Дани, Грекийн, Киргизстан Пакистаны суудлыг тус тус залгамжлах юм. Харин Бахрейн, Колумб, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Латви, Либери улс 2027 оныг дуустал Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүнээр үргэлжлүүлэн ажиллана.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл нь хориг арга хэмжээ авах, хүч хэрэглэх зөвшөөрөл олгох зэрэг хууль зүйн хувьд заавал биелүүлэх шийдвэр гаргах эрхтэй НҮБ-ын цорын ганц байгууллага юм. Тус зөвлөлд Их Британи, БНХАУ, Франц, ОХУ, АНУ гэсэн хориг тавих эрхтэй таван байнгын гишүүн, мөн сонгогддог 10 байнгын бус гишүүн багтдаг.


НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүнээр таван улс сонгогдлоо  
Үзсэн: 69 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй