Шууд Chart

ТБХ: “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

2026-06-04 13:06:23

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 10 цаг 08 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн.

Байнгын хорооны дарга Н.Наранбаатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт заасны дагуу хуралдааны ирцийг гишүүн бүрийн нэрээр танилцуулав.

Тус Байнгын хорооны 30 гишүүний 16 нь буюу Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, М.Бадамсүрэн, Р.Батболд, Ж.Батжаргал, Х.Булгантуяа, Х.Ганхуяг, Б.Заяабал, Д.Жаргалсайхан, Л.Мөнхбаясгалан, Б.Мөнхсоёл, Н.Наранбаатар, Ч.Номин, П.Сайнзориг,  Д.Цогтбаатар, Д.Энхтүвшин нар хүрэлцэн ирснээр хуралдаан 56.7 хувийн ирцтэйгээр эхэллээ.

Байнгын хорооны дарга Н.Наранбаатарын танилцуулсан хэлэлцэх асуудалтай холбогдуулан санал хэлэх гишүүн байгаагүй тул Улсын Их Хурлын гишүүн Б.Пунсалмаа нарын 1З гишүүнээс 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн  эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг явуулах үед Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42.2.1-т заасны дагуу тухайн зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулахгүйгээр уг асуудлыг гүйцээн боловсруулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн гэдгийг Байнгын хорооны дарга танилцуулаад уг асуудлаар санал хураалт явуулав. Зарчмын зөрүүтэй гурван саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Тухайлбал, “төслийн 1.1 дэх заалтыг төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж эхэлсэн боловч бүрэн дуусаагүй зогссон төсөл, арга хэмжээний ашиглалтад ороогүйн шалтгаан, төсөвт үзүүлж байгаа үр дагавар, нөлөөллийг төсөл, арга хэмжээ нэг бүрээр судалж, холбогдох тайлан болон цаашид төсвийн хөрөнгө оруулалтаар үргэлжлүүлэх эсхүл өмчлөлийн өөр хэлбэрт шилжүүлэх зэрэг асуудлаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналаа 2026 оны 9 дүгээр сарын 15-ны дотор Улсын Их Хуралд танилцуулах” гэж өөрчлөн найруулах Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатарын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.

Тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Р. Батболд чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.  

Дараа нь “Шинжээч томилох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн.

Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин Ерөнхий хяналтын сонсгол явуулахтай холбогдуулж шинжээч томилох тул тэдний ажлын үр дүнд нөлөөлж магадгүй гээд асуудлыг хаалттай хэлэлцэх горимын санал гаргав. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 58.8 хувь нь дэмжсэн. Иймд тогтоолын төслийг хаалттай горимоор хэлэлцэж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


ТБХ: “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ  
Үзсэн: 63 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй