![](/uploads/201410/news/thumb/6959c28fc45e3d31fc5d78e545226ade_x3.jpg)
НИТХ-ын АН-ын бүлгийн дарга Б.Отгонбаяраас дараах тодруулгыг авлаа.
-Сүүлийн үед зарим мэдээллийн хэрэгслээр таны талаар жаахан таагүй мэдээлэл цацагдах боллоо. Лифтэнд хүн зодсон, бусдаас их хэмжээний мөнгө зээлж аваад төлөлгүй шүүх цагдаад дуудагдлаа гэсэн байна. Энэ асуудалд та бодитой хариулт өгөөч?
-Ийм мэдээллийг тараагаад байгаа Д.Бямбадорж гэдэг залуутай миний хувьд мөнгөний асуудлаас болж маргаантай байгаа нь үнэн. Гэхдээ би энэ залуугаас зээлсэн юм биш, харин Д.Бямбадорж надаас мөнгө зээлээд эргэж төлөхгүй маш удсан тул би Сүхбаатар дүүргийн цагдаад хандсан. Үүнээс улбаалаад тэрээр миний нэр хүндэд удаа дараалан санаатайгаар халдаж эхэлсэн.
Лифтэнд болсон асуудал ч энэ хүнтэй холбоотой. Д.Бямбадоржид эрүүгийн хэрэг үүсгэсэн учраас хувийн өс хонзонгоор хэвлэл мэдээллийн хэрэгслээр зориуд гүтгэн доромжилж дээр нь хуулийн байгууллагуудаар удаа дараа намайг шалгуулж байна. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс, Нийслэлийн прокурор шүүх, АТГ-уудад миний эсрэг өргөдөл өгсөн.
Ингэснээр миний нэр хүндийг гутаан доромжилж харлуулах, цаг хугацаа, эд хөрөнгөөр хохироох, залхаах гэсэн хувийн атгаг санаагаа л хэрэгжүүлэх гэж ядаж байгаа хэрэг. Энэ хэргийг холбогдох хуулийн байгууллагуудаас шалгаад хэрэгсэхгүй болгосон албан бичиг шийдвэрүүд гарсан.
Тухайлбал, Сүхбаатар дүүргийн прокуророос гаргасан 2013 оны 12 сарын 13-ны өдрийн Б.Отгонбаярт эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай гэсэн 4813 тоот тогтоол, Чингэлтэй дүүргийн шүүхээс Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тухай 1788 тоот тогтоол, Нийслэлийн прокуророос 2014-12-18 нд гаргасан Эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй болох тухай 5/421 тоот тогтоол гэх мэт.
-Та энэ Д.Бямбадорж гэдэг залуутай ямар холбоотой юм бэ. Өмнө нь танилууд байсан уу?
-Д.Бямбадоржийг би тавхан сарын хугацаанд мэднэ. Энэ таван сарын хугацаанд миний удирдлага дор надтай хамт ажиллаж байсан. Их зальтай, маш богино хугацаанд миний итгэлийг олж, надаас мөнгө аваад буцааж өгөөгүй. Тиймээс би Сүхбаатар дүүргийн цагдаад хандсан тул илүү дэлгэрэнгүй яримааргүй байна. Бямбадоржийн яриад байгаа шиг тэр хүнд би ямар нэг өр байхгүй. Харин би өөрөө авлагатай хохирогч болсон хүн.
-Хэр хэмжээний мөнгөний асуудал юм бэ?
-Миний хувьд тэр залуугаас 15 сая төгрөгийн авлагатай.
- Өмнө нь та яагаад хариу тайлбар өгч байгаагүй юм бэ?
-Ингэж захиалгатай доромжилсон мэдээлэл явуулна чинээ санасангүй. Яахав хамт ажиллаж байсан адилхан эр хүний хувьд гомдол бухимдал байгаа юм болов уу даа ярилцаад шийдчихэж болох байх гэж бодоод нэг хэсэг ач холбогдол өгөөгүй. Дараа нь шүүх цагдаад гомдлоо гаргачихсан юм чинь түүгээрээ шийдэгдчих байх гэж бодсон. Гэтэл харин байдал эсрэгээрээ эргэж байгаа нь зохион байгуулалттай байдал руу орсныг харуулж байна. Тиймээс удаа дараа хэвлэл мэдээллийн хэрэгслээр бусдын нэр хүндэд халдсан гэдгээр хуулийн байгууллагад хандах болно. Мэдээллийн үнэн зөвийг нягталж тавиагүй хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч бас цаашид энэ тал дээр анхаарч хоёр талын байр суурийг судлаж, мэдээллийн үнэн зөвийг нягталж байж бодитой хандаж нийтлэх зарчмаа баримтална гэдэгт найдаж байна.
-Уучлаарай, шүүхээс дуудахад нь очоогүй, хаяг нь тодорхойгүй гэдэг бичиг гарсан байсан?
-Харин би гайхаж байна. Өнөөдөр анх удаа нэтээс харлаа. Нэгд би шүүхээс ямар ч зарлан аваагүй. Хоёрт миний ажил, албан тушаал, гар утас тодорхой, би НЗДТГ-ын байранд ажлаа хэвийн хийгээд л явж байна. Миний гэрийн хаяг сүүлийн 35 жил өөрчлөгдөөгүй. Олдохгүй байна гэдэг огт худлаа. Ийм байхад шүүх ямар учиртай хаяг тодорхойгүй гэснийг би мэдэхгүй байна.
-Тэгэхээр та гүтгүүлж шүүх прокурорт дуудагдаж дээр нь нэр төрөө гутаан доромжлуулсан гэж ойлгож болох уу?
-Тийм шүү. Хэвлэл мэдээллээр олон нийтэд шууд л баримтгүй миний нэр төрд халдсан увайгүй гүтгэлэг, захиалгатай мэдээлэл ингээд цацчихаж байгаа нь надад цаг хугацаа, санхүүгийн хувьд маш их хохирол учруулаад байна. Нэг залууг ажил амьдралынх нь хувьд дэмжсэнийхээ төлөө ийм хэмжээнд хүрч, хохирол амсаж байгаа нь үнэхээр харамсалтай. Гэхдээ үнэн зөв нь ялгараад гараад ирэх байх.
![](/uploads/assets/image/otgonbayariin hereg1.jpg)
![](/uploads/assets/image/Otgoo2.jpg)
![](/uploads/assets/image/otgoo3.jpg)
НИТХ-дахь АН-ын Бүлгийн дарга Б.Отгонбаяр: Нэг залууг дэмжсэнийхээ төлөө хохирогч болоод сүүлдээ гүтгүүлж байгаадаа харамсалтай байна | ||
Үзсэн: 2718 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.