Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд илгээсэн нээлттэй захидалдаа дайныг зогсоохын тулд нүүр тулсан уулзалт хийх санал тавьжээ.
Тэрбээр, Европ дахь дайн АНУ-ын анхаарлын төвд дахин орохыг хүлээх нь буруу гэж үзэж буйгаа илэрхийлээд, энх тайванд хүрэхийн тулд Украин, Орос хоёр шууд хэлэлцээ хийх шаардлагатай хэмээн онцолсон байна.
Зеленский хэлэлцээ үргэлжлэх хугацаанд бүрэн гал зогсоох санал дэвшүүлсэн ч Путин энэ саналыг пүрэв гарагт няцаажээ. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хоёр удирдагч уулзвал “сайн хэрэг болно” гэж мэдэгдсэн байна.
Кремль уг захидлыг хүлээн авснаа баталж, Путинд танилцуулна гэдгээ мэдэгджээ. Гэхдээ Москва өмнөхийн адил Зеленскийг Путинтэй Москвад уулзаж болно гэсэн байр суурь илэрхийлсэн байна.
Зеленскийн захидалд АНУ Ираны асуудалд бүрэн төвлөрч буйг дурдсан нь анхаарал татав. Тэрбээр “Европ дахь дайн дахин АНУ-ын анхаарлын төвд орохыг зүгээр хүлээх нь буруу” хэмээн бичжээ.
Санкт-Петербург хотод гадаадын сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ Путин Украинтай тохиролцоонд хүрэхэд бэлэн гэж мэдэгдсэн ч хоёр тал буулт хийх шаардлагатайг онцолсон байна. Түүний байр суурь өмнөхийн адил Украин Оросын хэсэгчлэн эзэлсэн Донецк, Луганск, Херсон, Запорожье мужуудаас цэргээ гаргах, мөн НАТО-д элсэх зорилгоосоо татгалзах шаардлагатай гэсэн нөхцөлд тулгуурлаж буй юм.
Украин газар нутгаа өгөхөөс татгалзсаар ирсэн бөгөөд ийм алхам нь Оросыг дахин довтлоход өдөөж болзошгүй гэж үздэг. Сүүлийн саруудад гал зогсоох хэлэлцээ зогсонги байдалд орж, өмнө нь Женев, Абу Даби, Истанбулд болсон энхийн яриа хэлэлцээнүүд үр дүнд хүрээгүй юм.
Зеленский захидалдаа “Украин энэ дайныг бидний хоорондын шууд оролцоогоор дуусгах санал тавьж байна. Би уулзалт хийхийг санал болгож байна” гэж бичжээ. Түүний санал болгосноор нүүр тулсан хэлэлцээ Швейцар эсвэл Турк зэрэг улсад болох боломжтой аж.
Украины Гадаад хэргийн сайд Андрей Сибига уг нээлттэй захидлыг “дайныг дуусгах ноцтой, утга бүхий санал” гэж тодорхойлоод, Оросоос бодитой хариу хүлээж буйгаа мэдэгдсэн байна.
Путин хэвлэлийн хурлынхаа үеэр Зеленский Украйны хууль ёсны төлөөлөгч мөн эсэх нь хуульчдын дүгнэх асуудал гэж хэлсэн нь уулзалт, тохиролцоонд хүрэх боломжид эргэлзээ төрүүлэв.
Харин Дональд Трамп хоёр улс энхийн тохиролцоонд ойртож буйд АНУ тодорхой үүрэг гүйцэтгэсэн гэж үзэж буйгаа илэрхийлээд, “Тэд уулзах хэрэгтэй. Үүнийг дуусгах ёстой” гэж мэдэгджээ.
| Зеленский Путинд нүүр тулсан уулзалт хийх санал тавьжээ | ||
| Үзсэн: 73 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.