АНУ-ын Төлөөлөгчдийн танхим Украинд тусламж үзүүлэх, Оросын эдийн засгийн гол салбаруудад шинэ хориг тавих хуулийн төслийг баталжээ.
Уг хуулийн төслийг Ардчилсан намын гишүүн Грегори Микс санаачилсан бөгөөд Украинд 1 тэрбум гаруй ам.долларын аюулгүй байдал, сэргээн босголтын тусламж үзүүлэхээр тусгасан байна. Мөн Украйны батлан хамгаалах хэрэгцээнд зориулж 8 тэрбум ам.долларыг зээл хэлбэрээр олгох боломжийг нээжээ.
Пүрэв гарагт болсон тус санал хураалтаар хуулийн төслийг 226 гишүүн дэмжиж, 195 гишүүн эсэргүүцсэн байна. Энэ нь Ерөнхийлөгч Дональд Трампын Украйны дайнд хандаж буй бодлогод Конгрессын зарим гишүүн сэтгэл дундуур байгааг харуулсан алхам гэж ажиглагчид үзэж байна.
Хуулийн төслийг хэлэлцүүлэхийн тулд дэмжигчид Төлөөлөгчдийн танхимын удирдлагыг тойрон гарах боломж олгодог тусгай өргөдлийн механизмыг ашиглаж, 218 гарын үсэг цуглуулжээ.
Бүгд найрамдах намын удирдлагууд уг төслийг эсэргүүцэж, Цагаан ордон болон Конгрессын хооронд Украинд үзүүлэх тусламжийн асуудлаар хэлэлцээ үргэлжилж буй үед ийм алхам хийх нь тохиромжгүй гэж үзсэн байна. Харин дэмжигчид энэ санал хураалт нь Украйныг дэмжиж буйгаа харуулах, мөн Оросын Ерөнхийлөгч Владимир Путинд АНУ Украйны асуудалд анхаарал хандуулсаар байгаа гэсэн дохио өгөх зорилготой гэж тайлбарлажээ.
Хуулийн төслийг дэмжсэн гишүүдийн дотор Ардчилсан намын 207 гишүүн, Бүгд найрамдах намын 18 гишүүн, нэг бие даагч багтсан байна. Харин Ардчилсан намын гишүүн Илхан Омар болон Бүгд найрамдах намын 194 гишүүн эсрэг санал өгчээ.
Төлөөлөгчдийн танхимаар батлагдсан ч уг хуулийн төсөл Сенатаар батлагдах эсэх нь тодорхойгүй байна. Дэмжигчид Сенат уг асуудлыг хэлэлцэхэд шахалт үзүүлнэ гэж найдаж байгаа ч Ерөнхийлөгч Трамп дэмжихгүй бол Сенатад хангалттай санал авахад хүндрэлтэй гэж үзэж байна.
| АНУ-ын Төлөөлөгчдийн танхим Украинд тусламж үзүүлэх хуулийн төслийг баталлаа | ||
| Үзсэн: 65 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.