Европын Төв банкны тайланд дурдсанаар, 2025 оны эцсийн байдлаар алт дэлхийн албан ёсны нөөцийн хамгийн тэргүүлэх хөрөнгө болжээ.
Тайланд тусгаснаар, алт нийт албан ёсны нөөцийн 27 хувийг бүрдүүлж, АНУ-ын Засгийн газрын үнэт цаас болон еврогоор бүрдүүлсэн нөөцийг давсан байна. Харин АНУ-ын Засгийн газрын үнэт цаасны эзлэх хувь 22 хувь, ам.доллараар үнэлэгддэг бусад нөөц хөрөнгө 20 хувь, еврогоор бүрдүүлсэн нөөц 15 хувьтай байжээ.
Европын Төв банк алтны эзлэх хувь нэмэгдсэн нь голчлон үнийн өсөлттэй холбоотой гэж тайлбарласан байна. Олон улсын зах зээлд алтны үнэ 2024 онд 30 орчим хувь, 2025 онд 60 орчим хувиар өссөн нь төв банкуудын алтны нөөцийн үнэлгээг нэмэгдүүлж, дэлхийн албан ёсны нөөцөд эзлэх байр суурийг нь өсгөжээ.
Тайланд дурдсанаар, алтны үнэ түүхэн дээд түвшинд хүрсэн ч 2025 онд төв банкуудын алт худалдан авалт өндөр түвшинд хадгалагдсан байна. Геополитикийн эрсдэл нэмэгдэж буй энэ үед төв банкууд алтны нөөцөө нэмэгдүүлэхийг зөвхөн хөрөнгийн бүтцээ төрөлжүүлэх бус, эрсдэлийг бууруулах, санхүүгийн тогтвортой байдлаа хамгаалах хэрэгсэл гэж үзэж буйг Европын Төв банк онцолжээ.
Гэхдээ алт нь үнэ хэлбэлзэл өндөртэй, хүүгийн өгөөжгүй, хадгалалтын зардалтай зэрэг сул талтайг тайланд мөн дурдсан байна.
| Алт төв банкуудын нөөцийн гол хөрөнгө болжээ | ||
| Үзсэн: 59 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.