НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр зургаадугаар сарын 07-ныг Дэлхийн хүнсний аюулгүй байдлын өдөр болгон зарлаж, 2019 оноос тэмдэглэн өнгөрүүлж эхэлсэн юм. Энэ жил Дэлхийн хүнсний аюулгүй байдлын өдрийг “Асуудлаас шийдэлд-Хаана ч аюулгүй хүнс” уриан дор тэмдэглэнэ.
Энэхүү өдрийг угтан ХХААХҮЯ болон НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар хамтран “Асуудлаас шийдэлд-Хаана ч аюулгүй хүнс” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг өнөөдөр зохион байгуулж байна.
Хуралд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчид, төрийн болон хувийн хэвшил, эрдэм шинжилгээ, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын төлөөлөл оролцож байна. Хурлыг нээж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, НҮБ-ын ХХААБ-ын суурин төлөөлөгч Чинюнь Дяо нар үг хэллээ.
Энэ жилийн Дэлхийн хүнсний аюулгүй байдлын өдрийн арга хэмжээний онцлох чиглэлээр нийтийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарыг сонгосон. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас тус салбарт эрсдэлд суурилсан хяналт, үнэлгээний тогтолцоог нэвтрүүлэх, мөрдөн мөшгөх тогтолцоог сайжруулах, GHP, GMP, НАССР тогтолцооны хэрэгжилтийг өргөжүүлэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, лабораторийн шинжилгээ болон эрсдэлийн үнэлгээнд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих чиглэлээр үе шаттай ажиллаж байгаа гэдгийг Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн дурдав.
Мөн тэрбээр сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын хүнсний аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарч байна. Хүүхэд, ахмад настан, өвчтөн зэрэг эрсдэл өндөртэй бүлгийг аюулгүй, шим тэжээлтэй хүнсээр хангах нь Засгийн газрын тэргүүлэх зорилтын нэг хэмээн онцоллоо.
НҮБ-ын ХХААБ-ын суурин төлөөлөгч Чинюнь Дяо Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын засаглал болон чадавхыг бэхжүүлэх чиглэлээр Засгийн газар хийгээд үндэсний үйлдвэрлэгчид, эрдэм шинжилгээний хүрээлэн, хөгжлийн түнш, хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллаж байна. Монгол Улсад сүүлийн жилүүдэд хэрэгжүүлсэн кодексын стандартууд, бичил биетний тэсвэржилтийн үнэлгээ зэрэг нь хүнсний аюулгүй байдлыг хангах ажлын ахиц дэвшлийг хангах бодит суурь болж байна гэлээ.
ХХААХҮЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Б.Батшагай “Хүнсний аюулгүй байдлын хяналт, зохицуулалт, цаашдын чиглэл”, НҮБ-ын ХХААБ-ын төслийн зохицуулагч Д.Батчулуун “Нэг эрүүл мэнд” үзэл баримтлал, түүний хэрэгжилт, үр дүн, ХАБҮЛЛ-ийн Микробиологийн лабораторийн эрхлэгч Д.Лхамсүрэн “Хүнсний аюулгүй байдлын өнөөгийн байдал”, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны гэдэсний халдварын тасгийн тархвар судлаач Р.Амгалан “Хүнсээр дамжих халдварт өвчний тандалт, өнөөгийн нөхцөл байдал” сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүлэв.
Мөн “Монгол Улсын хорт хавдрын өвчлөл, өнөөгийн байдал”, Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн байдал VI судалгааны үр дүн, Хүнсний сав, баглаа боодлын орчин үеийн шийдэл, инноваци, Хүнсний чанар, аюулгүй байдалд сав, суулганы хэрэглээний нөлөө, Хүнсний үйлдвэрлэлийн хог хаягдлын менежмент, ангилан ялгалтын ач холбогдол, Хоол үйлдвэрлэлийн технологийн дэвшил, орчин үеийн чиг хандлага зэрэг сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэх юм гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.

| Дэлхийн хүнсний аюулгүй байдлын өдрийг найм дахь жилдээ тэмдэглэж байна | ||
| Үзсэн: 82 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.