Эрчим хүчний сайд Б.Найдалаа өчигдөр Орхон аймаг дахь “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-д ажиллав.
1987 онд ашиглалтад оруулсан тус ДЦС нь цахилгаанаар 71 МВт, дулаанаар 425.5 Гкал/ц үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадалтай юм.
Дөрвөн турбин, долоон зуухтай, жилд 427.1 сая кВт.ц цахилгаан, 692.7 мянган Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэж буй бөгөөд төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний 4.6 хувийг хангаж байна.
Өнөөдрийн байдлаар хоёр зуух, нэг турбинээ ажиллуулж, цахилгаан эрчим хүчний ачаалал нь 12 МВт байгааг “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бат-Эрдэнэ танилцууллаа. Шарын голын уурхайгаас нүүрс татан 31,852 тонн буюу 46 хоногийн нөөцтэй, мазут 60.54 тонн байгааг дурдав.

Тус ДЦС-аас 2026 оны эхний таван сард 147.6 сая кВт.ц цахилгаан эрчим хүч түгээжээ. Энэ нь түгээлтийн төлөвлөгөөнөөс 0.5 сая кВт.ц-аар бага дүн бөгөөд дөрөвдүгээр сард Шарын голын нүүрсний уурхайн нийлүүлэлт зогссонтой холбоотой аж. Дээрх хугацаанд 328.2 мянган Гкал дулааны эрчим хүч түгээсэн нь төлөвлөгөөнөөс хоёр мянган Гкал-аар илүү үзүүлэлт болжээ. Дулааны эрчим хүчийг өртгөөс нь бага үнээр хэрэглэгчдэд борлуулж, уг алдагдлыг цахилгаан эрчим хүчний үнэд татаас хэлбэрээр шилжүүлдэг байна. 2026 онд нэг кВт.ц цахилгаан эрчим хүчний алдагдал 6.04 төгрөг байгааг тооцоолжээ. Нийт авлага нь тавдугаар сарын 31-ний байдлаар 16.7 тэрбум төгрөг, богино хугацаат өр төлбөр нь 28.7 тэрбум төгрөгт хүрсэн байна.
Өдгөө тус станцын өвөлжилтийн бэлтгэл ажлын гүйцэтгэл 56.1 хувьд хүрчээ. Тодруулбал, 18 ажил төлөвлөснөөс 100 хувийн гүйцэтгэлтэй тав, 10-97 хувийн гүйцэтгэлтэй 12, эхлүүлээгүй нэг ажил байгааг дурдлаа.

Нийт 468 хүний бүрэлдэхүүнтэйгээс 43.5 хувь буюу 204 ажилтан 0-5 жил, 19.2 хувь буюу 90 ажилтан 6-10 жил, 16.2 хувь буюу 75 хүн 11-15 жил ажиллаж байгаа аж. Сүүлийн жилүүдэд өндөр насны тэтгэвэрт гарах, залуу ажилтнууд өндөр цалинтай байгууллагад ажилд орох, гадаад улс руу явах зэргээс шалтгаалж хүний нөөцийн шилжилт хөдөлгөөн нэмэгджээ. Өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээ цуцалсан хүний тоо буурахгүй буйн нэг шалтгаан нь цалин урамшуулалтай холбоотой бөгөөд туршлагатай ажилтнаа алдах, мэргэжлийн боловсон хүчний дутагдал үүсэх эрсдэлтэй байгааг удирдлагууд нь тодотголоо.

Түүнчлэн Үнсэн сан №2-ыг хоослох шаардлага тулгараад байгааг хэлэв. Уг үнсэн санг хоослох ажлын зураг төсөв боловсруулах ажлыг 2026 оны төлөвлөгөөндөө тусган хийлгэж буй юм байна. Үүнд зарцуулах хөрөнгийг шийдэж, эл ажлыг яаралтай эрчимжүүлэх, мөн хоёр илчит тэрэгний ашиглалтын хугацаа дууссан ч хөрөнгийн дутагдлаас болж засвар хийж чадахгүйд хүрсэн, 7.2 км төмөр замаа мэргэжлийн байгууллагад шилжүүлэх, эсвэл ийм байгууллагаас төлбөрийг нь төлж үйлчилгээ авах шаардлага үүссэнийг дурдсан юм.
Эрчим хүчний сайд Б.Найдалаа уулзалтын үеэр дээрх компанийн алдагдал, цалин урамшуулал зэргийн талаар тодруулж, цалингийн санг өөрчлөхгүйгээр харин бүтцийг нь өөрчилж, чадварлаг, залуу боловсон хүчнийг татахад ач холбогдолтой арга замыг судлах нь зүйтэйг тодотгов гэж Монгол Улсын Эрчим хүчний яамнаас мэдээллээ.
| “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн өвөлжилтийн бэлтгэл ажлын гүйцэтгэл 56 хувьтай байна | ||
| Үзсэн: 100 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.