Шууд Chart

Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөл БНСУ-ын орон нутгийн сонгуулийг ажиглалаа

2026-06-05 15:20:44

Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний сонгуулийн комиссын урилгаар Сонгуулийн ерөнхий хорооны Захиргаа, удирдлагын газрын дарга А.Анхбаяр, Мэдээлэл, судалгаа, сургалтын төвийн референт Ц.Номин, Тамгын газрын референт Б.Уянга нар тус улсын орон нутгийн сонгуулийг ажиглалаа.

БНСУ-д 2026 оны зургаадугаар сарын 3-ны өдөр 9 дэх удаагийн орон нутгийн сонгууль болсон юм. Энэ удаагийн сонгуулиар 16 хот, аймгийн захирагч, аймгийн дарга, боловсрол хариуцсан захирагч, дүүргийн 227 дарга, хот, аймгийн хурлын 933, дүүргийн хурлын 3034 төлөөлөгчийг сонгожээ.

БНСУ сонгогч саналаа өгөх олон хэлбэрийг ашигладгаараа онцлог. Тухайлбал, сонгогч санал авах өдрөөс 19-өөс доошгүй хоногийн өмнө хүсэлт гаргаснаар 2026 оны тавдугаар сарын 29, 30-ны өдрүүдэд хаяг харгалзахгүйгээр урьдчилан санал өгөх боломжтой байжээ.

Мөн санал авах өдрийг хүртэл 21 хоногийн хугацаанд сонгогчийн хүсэлтийг үндэслэн саналын хуудсыг гэрийн хаягаар хүргүүлж, шуудангаар санал авчээ. Урьдчилсан санал хураалт болон шуудангаар өгсөн саналын хуудсыг санал авах өдөр буюу зургаадугаар сарын 3-нд нээж, тоолсон байна.

Сонгуулийн өдөр санал авах ажиллагаа 06:00-18:00 цагийн хооронд үргэлжилж, Төв тооллогын төвөөс дүнг нэгтгэн гаргажээ. Санал хураалтын явц болон дүнг нэгдсэн цахим самбараар шууд дамжуулан үзүүлсэн байна.

БНСУ-ын Үндэсний сонгуулийн комисс “International Election Observation Program (IEOP) 2026” олон улсын ажиглагчийн хөтөлбөрт 8 улсын сонгуулийн удирдлагын байгууллагын төлөөлөгчдийг урьж оролцуулжээ. Хөтөлбөрийн хүрээнд оролцогчид Үндэсний сонгуулийн комиссын үйл ажиллагаатай танилцаж, урьдчилсан болон сонгуулийн өдрийн санал хураалтын зохион байгуулалт, сонгогчийн боловсрол олгох туршлагыг судалсан юм.

Монгол Улс, БНСУ-ын сонгуулийн байгууллагууд 2014 оноос хойш Санамж бичгийн хүрээнд хамтран ажиллаж ирсэн. Энэ удаагийн айлчлалын үеэр Сонгуулийн ерөнхий хорооны албан хаагчид Ардчиллын төлөөх Солонгосын иргэний боловсролын хүрээлэн /KOCEI/-гийн үйл ажиллагаатай танилцаж, иргэний болон улс төрийн намын боловсролын чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтээ илэрхийллээ.


Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөл БНСУ-ын орон нутгийн сонгуулийг ажиглалаа  
Үзсэн: 93 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй