![](/uploads/201410/news/thumb/0a950676202dcdc355a5a619fd626fef_x3.jpg)
УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Барьцаа хөрөнгийн дутагдалтай жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагаанд шаардагдах санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, иргэдийн орлогын тогтвортой эх үүсвэрийг хангах үүднээс УИХ-аас 2012 онд Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийг баталсан. Зээлийн батлан даалтын сангаас энэ оны эхний хагас жилийн урьдчилсан байдлаар нийт 169 иргэн, аж ахуйн нэгжийн 26.4 тэрбум төгрөгийн зээлд 11 тэрбум төгрөгийн батлан даалт гаргасан байна. Гэвч энэ нь 50 хүтэл ажиллагсадтай нийт 36800 аж ахуйн нэгжийн дөнгөж 0.45 хувийг хамарч байгаа аж. Иймээс уг сангийн удирдлагын бүтэц, засаглалыг сайжруулах чиглэлээр сангийн Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд банкны төлөөллийн оролцоог хангах, банкны үүрэг оролцоог нэмэгдүүлэх, хуульд зааснаар зөвхөн Засгийн газар үүсгэн байгуулагч гэж хязгаарлахгүйгээр тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгийн эх үүсвэртэй аймаг, нийслэлийн төсвөөс зээл хүсэгч иргэн, аж ахуйн нэгжийн зээлд батлан даалт гаргах зорилгоор хөрөнгө хуваарилж болох зохицуулалт хийх үүднээс хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулсан байна.
Хууль санаачлагчийн танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан С.Баярцогт, Д.Зоригт, Ө.Энхтүвшин, Р.Гончигдорж, Д.Дэмбэрэл, Г.Батхүү нарын гишүүд ажлын хэсгээс асуулт асууж тодруулав. Сангийн сайд Ч.Улаан гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, зээлийн батлан даалтын санг хуулийн дагуу улсын төсвөөс хөрөнгө гаргаж байгуулсан. Гэтэл сангийн үйл ажиллагаа, хөрөнгийн зарцуулалтад хяналт тавих ёстой байгууллага нь сангаа удирддаг, төрөөс мөнгө авчихаад төрөөс хамааралгүй байгаа дутагдалтай тал байна. Иймээс энэ гажуудлыг засч удирдлагын бүтцэд нь өөрчлөлт оруулах, нөгөөтэйгүүр хөрөнгийн холимог эх үүсвэртэй болгох боломж бүрдүүлэх нь зүйтэй гэж үзэж хуулийн төсөл боловсруулсан тухайгаа танилцууллаа. Мөн энэ хуулийн төсөл нь зээлийн батлан даалтын санг салбарласан олон сантай болгоход биш аймаг орон нутаг өөрсдийн хөрөнгийн бололцооноос хамаарч уг санд хөрөнгө оруулж болох, тэгвэл оруулсан хөрөнгийнх нь хэмжээтэй уялдуулан эрх мэдэл шилжүүлэхэд чиглэж байгаа гэдгийг хэлж байв.
Харин Санхүүгийн зохицуулах хорооны тухайд уг хуулийн төслийн талаар эсрэг байр суурьтай байгаа, төсвийн хөрөнгө үрэгдэж мэдэхвий гэсэн болгоомжлол гишүүдийн дунд байгаа зэргээс шалтгаалж хуулийн төслийн хэлэлцүүлгийг хэрхэх талаар Засгийн газартайгаа дахин ярилцах шаардлага байгаа тухайгаа Сангийн сайд хэлсэн тул хуулийн төслийн хэлэлцүүлгийг түр зогсоож, чуулганы үдээс өмнөх хуралдааныг завсарлууллаа.
Чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан 14.00 цагаас эхэлж, Засгийн газраас гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар байршуулсан барааг буцаан гаргах хугацааг шинэчлэн тогтоохоор өргөн мэдүүлсэн Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэх юм.
Чуулган завсарлалаа | ||
Үзсэн: 1125 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.