Шууд Chart

Нигери улс иргэдээ Өмнөд Африкаас нүүлгэн шилжүүлж эхэллээ

2026-06-12 10:36:37

Өмнөд Африкт цагаачдын эсрэг эсэргүүцлийн жагсаал хүчирхийлэл дагуулсны дараа Нигерийн Засгийн газар иргэдээ эх оронд нь буцаан татах ажиллагаа эхлүүлж, эхний ээлжийн 262 иргэн Лагос хотод иржээ.

Нигерийн Гадаад хэргийн яамны мэдээлснээр, тусгай нислэгээр 262 иргэн болон албаны гурван хүн эх орондоо ирсэн байна. Өмнө нь 1000 гаруй нигери иргэн сайн дураараа нутаг буцах хүсэлтээ бүртгүүлсэн гэж тус яам мэдээлж байв.

Нигерийн талын үзэж байгаагаар, иргэд нь Өмнөд Африкт цагаачдын эсрэг халдлага, хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй болсон тул ийнхүү буцааж байгаа аж. Харин Өмнөд Африкийн эрх баригчид нутаг буцсан иргэдийн олонх нь тус улсад хууль бусаар оршин сууж байсан гэж мэдэгдсэн байна.

Сүүлийн саруудад Өмнөд Африкт цагаачдын эсрэг жагсаал өрнөж, зарим гадаадын иргэд халдлагад өртжээ. Жагсагчид гадаад ажилчдыг ажлын байр булааж байна гэж буруутгасан бол Өмнөд Африкийн албаныхан уг үйлдлийг гаднын иргэдийг үзэн ядсан шинжтэй хэмээн буруушаажээ.

Нигерийн Гадаад хэргийн сайд Бианка Одумегву-Ожукву Ерөнхийлөгчийн шийдвэрээр амь нас, аюулгүй байдал нь эрсдэлд орсон гэж үзсэн иргэдийг нүүлгэн шилжүүлж байгааг мэдэгдсэн байна. Тэрбээр нутаг буцагчдад хандан амар тайван, үр хүүхдийн аюулгүй байдал нь үлдээж буй эд хөрөнгөнөөс илүү үнэ цэнтэй гэдгийг онцолжээ.

Харин Нигерийн Хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн сайд Бернард Доро Өмнөд Африкт амьдарч буй бүх нигери иргэнийг хууль бус оршин суугч мэтээр үзэж болохгүй гэж мэдэгдэв. Түүний хэлснээр, хууль ёсны эсэхийг хүн тус бүрээр нь тогтоох ёстой бөгөөд бүх иргэнийг нэг дор буруутгах нь зохисгүй юм.

Гэхдээ нутаг буцсан зарим иргэн Өмнөд Африкт оршин суух бичиг баримтгүй байсан, зарим нь бичиг баримтаа олон жилийн турш сунгуулж чадаагүй гэж ярьжээ. Тэд Өмнөд Африкийн цагаачлалын байгууллагын саатал, хүндрэлээс болж ийм байдалд хүрсэн гэж үзэж байна.

Нигерийн өмнө Гана улс мөн Өмнөд Африкаас 1000 орчим иргэнээ буцаасан бол Либери улс ч иргэдийнхээ аюулгүй байдалд санаа зовниж байгаагаа илэрхийлжээ.

Өмнөд Африкийн Дотоод хэргийн яамны мэдээлснээр, бичиг баримтгүй гэж тогтоогдсон 586 нигери иргэнийг нутаг буцаах ажиллагаанд хамруулж байгаа бөгөөд дараагийн бүлэг ирэх даваа гарагт буцах аж. Тус улсын Дотоод хэргийн сайд Леон Шрайбер нутаг буцаж буй иргэдэд Нигерийн Элчин сайдын яамнаас түр зорчих баримт бичиг олгосон бөгөөд тэднийг таван жилийн хугацаанд Өмнөд Африкт дахин нэвтрэхийг хориглосон гэж мэдэгдсэн байна.

Гэрэл зургийг apnews.com


Нигери улс иргэдээ Өмнөд Африкаас нүүлгэн шилжүүлж эхэллээ  
Үзсэн: 78 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй