Цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмэхээр болсон талаар Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээллээ.
Албаны эх сурвалжийн мэдээлснээр, цахилгаан болон дулааны үнийг хэрэглэгчдэд ирэх ачааллыг аль болох бага байхаар тооцож, үе шаттай нэмэхээр шийдвэрлэсэн байна. Энэ хүрээнд эхний ээлжид үнэ тарифыг таван хувиар нэмэхээр болжээ.
Шинэ тарифыг зургаадугаар сарын 5-ны өдрөөс мөрдөж, хэрэглэгчдийн төлбөрийг шинэ үнээр тооцох юм.
Энэ талаар Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдээлэхдээ, иргэд цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ зохицуулж, хэмнэх боломжтой байдаг бол дулааны төлбөрийг орон сууц, объектын талбайн хэмжээгээр тооцож байгааг онцолсон байна. Иймээс хэрэглэгч дулаанаа өөрөө тохируулах, хэрэглээгээ бууруулснаар төлбөрөө хэмнэх боломж одоогоор бүрдээгүй байгааг дурдав.
Тиймээс цаашид дулааны тоолуурыг бүх шатанд нэвтрүүлэх төслийг бэлтгэж, энэ оны гуравдугаар улиралд багтаан хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөжээ. Мөн шинээр баригдах барилгуудад дулааны тоолуур суурилуулсан байх шаардлагыг барилгын норм, дүрэмд тусгах үүрэг өгсөн байна.
Ингэснээр Монгол Улс дулаан, эрчим хүчийг хэрэглэсэн хэмжээгээр нь тооцдог тогтолцоонд үе шаттай шилжиж, хэрэглэгчдэд хэмнэлт хийх боломж бүрдүүлэхээр зорьж байгаа аж.
Мөн үнэ тарифыг зах зээлийн зарчимд нийцүүлэн зохистой хэмжээнд зохицуулахыг Эрчим хүчний зохицуулах хороонд даалгасан байна.

| ЭХЗХ: Цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмнэ | ||
| Үзсэн: 92 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.