Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIII хуралдаанаар нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг өнөөдөр хэлэлцэж байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Олон улсын геополитикийн нөхцөл байдлын нөлөөгөөр нефт, шатахууны үнэ өсөж, нийтийн тээвэр, хог хаягдлын менежмент, ногоон байгууламжийн арчилгаа зэрэг нийслэлийн суурь үйлчилгээний зардалд нөлөөлж байна.
Иймд үйлчилгээг хэвийн, тогтвортой үргэлжлүүлэх нэмэлт санхүүжилтийг шийдвэрлэх зорилгоор нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг өргөн барьсан.
Түүнчлэн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд 2026 оны тавдугаар сарын 31-ний өдрийн байдлаар гэрээ байгуулагдаагүй хөрөнгө оруулалтын төслүүдийн санхүүжилтийг нийслэлийн төсвөөс хассан. Ингэснээр төсвийн үр ашиг, сахилга хариуцлагыг нэмэгдүүлэхээр тооцож байна” гэлээ.
Нийслэлийн төсвийн тодотголд нийслэлийн 2026–2027 оны өвөлжилтийн бэлтгэл хангах, агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнд шаардлагатай нэмэлт эх үүсвэрийг шийдвэрлэхээр тусгажээ.
Тодруулбал, галлагааны улиралд 280 мянган тонн хагас коксон шахмал түлш, 150 мянган тонн сайжруулсан шахмал түлш (мидлинг) худалдан авч, хэрэглэгчдэд нийлүүлэх юм. Харин 2027-2028 оны галлагааны улиралд эх орныхоо хүрэн нүүрсийг хагас коксжуулж хэрэглэх боломжийг судалж байна.
2026 оны нийслэлийн төсвийн орлогын хүлээгдэж буй гүйцэтгэл болон он дамжин зарцуулагдах мөнгөн хөрөнгийн үлдэгдлийн бодит хэмжээ анхны төсөөллөөс өөрчлөгдсөн байна. Тиймээс төсвийн орлого, санхүүжилтийн эх үүсвэрийн тооцооллыг бодит нөхцөл байдалд нийцүүлэн шинэчлэхээр хэлэлцэж байгаа юм.
| Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна | ||
| Үзсэн: 61 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.