Шууд Chart

ТЭЦ-3 станцад хоёр дахь шатны шинэчлэл хийнэ

2014-10-13 06:59:39

Дулааны III цахилгаан станцад хоёр дахь шатны шинэчлэл хийх тухай Засгийн газрын тогтоол гаргахаар боллоо.

Тус ТӨХК-ийн хүчин чадлыг 50 мВт-аар нэмэгдүүлсэн эхний ээлжийн өргөтгөлийг богино хугацаанд амжилттай хэрэгжүүлж, энэ оны долоодугаар сарын нэгнээс турбин-генераторыг сүлжээнд залган бүрэн хүчин чадлаар ажиллуулж байгаа юм.
 
Харин хоёр дахь шатны шинэчлэлээр 2x125 мВт хүчин чадалтай дулааны цахилгаан станц байгуулахаар төлөвлөж байгаа юм. Бүтээн байгуулалтад шаардлагатай хөрөнгийг Хөгжлийн банкны зээл болон бусад эх үүсвэрээс 2014 оноос гаргаж эхлэхийг Эдийн засгийн хөгжлийн яам, Эрчим хүчний яам, Хөгжлийн банкинд даалгалаа. Санхүүжилтийг 2015-2019 онд үе шаттайгаар эргэн төлөх юм.
 
Хоёр дахь шатны шинэчлэлийн үр дүнд хүчин чадал нэмэгдэхээс гадна тус станцаас агаарт ялгаруулж буй хорт бодисын хэмжээг 98 хувь бууруулж чадна гэж мэргэжлийнхэн тооцоолжээ. Хотын төв буюу Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн хэрэглэгчдийг дулаанаар хангадаг гол эх үүсвэр ТЭЦ-3 шугам сүлжээний горимын хувьд хамгийн оновчтой байршилтай ч хэт хуучирсан тоног төхөөрөмж дээр суурилсан учир байгаль орчинд их хэмжээний бохирдол үүсгэж байгаа юм.
Нийтэлсэн: О.Энхмаа

ТЭЦ-3 станцад хоёр дахь шатны шинэчлэл хийнэ  
Үзсэн: 1335 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй