Шууд Chart

Монгол Улсын анхны геопарк нээлтээ хийнэ

2026-06-25 10:53:53

Монгол Улсын анхны геопаркийн нээлтийн арга хэмжээ 2026 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд суманд болно. Энэхүү геопаркийг цаашид ЮНЕСКО-ийн Дэлхийн геопаркуудын сүлжээнд нэгдэх зорилгоор хөгжүүлж байгаа билээ.

ЮНЕСКО нь геологийн өвийг хамгаалах, геологийн шинжлэх ухааны ач холбогдлыг олон нийтэд таниулах, геологийн аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар орон нутгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах зорилго бүхий Дэлхийн геопаркуудын хөтөлбөрийг 2015 оноос хэрэгжүүлж эхэлсэн.

Монгол Улс 2018 оноос энэхүү хөтөлбөрт хамрагдах бэлтгэл ажлыг эхлүүлж, геопарк болгон хөгжүүлэх боломжтой газар нутгийг тодорхойлон судалж, ЮНЕСКО-ийн олон улсын экспертүүдийн зөвлөмжийн дагуу ажиллаж байна.

Дэлхийн туршлагаас харахад геопаркууд нь геологийн өвийг хамгаалахаас гадна аялал жуулчлалыг хөгжүүлэх, орон нутгийн жижиг, дунд бизнесийг дэмжих, ажлын байр бий болгох, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх замаар тогтвортой хөгжилд бодит хувь нэмэр оруулдаг.

Энэ хүрээнд Шар цав орчмын палеонтологийн олдвор, эртний үлэг гүрвэлийн мөр бүхий газрууд, Ханбогдын массив болон түүний орчмын геологи, палеонтологи, соёлын өвд түшиглэн Монгол Улсын анхны геопаркийг хөгжүүлэх ажлуудыг хийж байна. Үүнд 2023 онд ЮНЕСКО болон Рио Тинто Монгол ХХК-ийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж эхэлсэн “ЮНЕСКО-ийн соёлын болон геологийн өвд тулгуурлан Монгол Улсад тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нь” төсөл чухал хувь нэмэр оруулж байна.

Нээлтийн арга хэмжээнд Өмнөговь, Дорноговь аймгийн удирдлага, Манлай, Мандах, Ханбогд, Хатанбулаг сумдын төлөөлөл, Нэгдсэн Үндэстний Байгууллага, ЮНЕСКО, ЮНЕСКО-ийн Дэлхийн геопаркуудын сүлжээ, Гадаад харилцааны яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Шинжлэх ухааны академи, Үндэсний геологийн алба, Соёлын өвийн үндэсний төв, Монголын аялал жуулчлалын мэргэжлийн холбоо, Рио Тинто Монгол ХХК, Оюу Толгой ХХК-ийн удирдлага, төлөөлөл, эрдэмтэн судлаачид болон нутгийн иргэд оролцоно.

Эх сурвалж: ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс

 


Монгол Улсын анхны геопарк нээлтээ хийнэ  
Үзсэн: 94 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй