Шууд Chart

"Улаанбаатар" клуб аваргын болзол хангалаа

2026-06-29 10:07:34

 

Үндэсний Дээд лигийн тэмцээний тод дөрөвт өрсөлдөж байгаа багууд нэмэлт тойргийн 3 дахь, улирлын 19 дэх тоглолтуудаа хийлээ. Шилдэг дөрвийн баг тус бүр улирлын үндсэн 2 тойргийн 16 тоглолт дээр нэмээд хоорондоо 2 тойрог буюу 6 тоглолт нийт 22 тоглолт хийсний дараа медалийн эзэд тодрох юм.
 
"УЛААНБААТАР" БАГИЙН 16 ДАХЬ ХОЖИЛ
 
Дээд лигийн плэйоффын шат эхлээд аль аль нь 2 дараалан хожоод байсан Б.Ганбат дасгалжуулагчтай “Улаанбаатар” болон Ивица Цветановски дасгалжуулагчтай “Дэрэн” багууд энэ тойрогт учраа тааран тоглосон нь онцлох тоглолт байсан юм.
 
Хүснэгтийг тэргүүлэгч “Улаанбаатар” баг энэ удаад эхний гоолыг дахин булангийн цохилтоос оруулж чадлаа. Тэд нэмэлт тойргийн чухал тоглолтууд эхлээд шилдэг багуудын өрсөлдөөнд 3 тоглолт дараалан булангийн цохилтоос нээлтийн гоолуудаа хийж байна. Энэ удаад Х.Цэнд-Аюушийн дамжуулалтаар Ж.Цогт-Очир хаалганд мөргөж гоол оруулжээ.
 
Тоглолтын 2-р хагас эхлээд “Улаанбаатар” багийн сөрөг довтолгоо амжилттай болж, У.Тэмүлэнгийн дамжуулалтаар багийн мэргэн бууч О.Мижиддорж 2:0 болгосон юм. Тэрээр энэ улирлын 15 дахь гоолоо оруулж, мэргэн буучдын жагсаалтыг тэргүүн эгнээнд бичигдэж эхэллээ.
 
Ийнхүү Дээд лигийн 2 удаагийн аварга “Улаанбаатар” баг улирлын 16 дахь хожил 50 дахь оноогоо авснаар ардаа бичигдэж байгаа 2-р байрын багаас нэг тоглолт илүү хийж, 11 онооны тэргүүлэлтэй болоод байв.
 
 
"СТАЛЛИОНС" ОНОО АЛДАВ...
 
“Улаанбаатар” клуб багаас 11 оноо илүү болсон учраас “Централ Сталлионс” ямар нэгэн байдлаар оноо алдахад л лигийн аваргын хувь заяа шийдэгдэхээр байлаа. Учир нь энэ тоглолтын дараа 3 тоглолт 9 оноо л хөөх боломжтой байсан юм. 
 
Ийнхүү Дээд лигийн 2 болон 4-р байрт бичигдэж байсан “Централ Сталлионс”, “Хангарьд” багууд энэ улирал 3 дахь удаагаа хоорондоо учраа тааран тоглолоо. Оноо алдах эрхгүй болоод байсан “Сталлионс” тоглолтын эхний үед 2:0 харьцаатай тэргүүлсэн. Эхний гоолыг Г.Билгүүн булангийн цохилтоос ирсэн дамжуулалтаар мөргөж оруулсан бол Япон довтлогч Т.Мисава 2:0 болгосон гоолыг оруулжээ.
 
Харин тоглолтын 2-р хагаст “Хангарьд”-ын довтолгоо сэргэж, тооны харьцааг тэнцүүлж, үндсэн цаг 2:2 харьцаатай өндөрлөлөө. “Централ Сталлионс” ийнхүү оноо хуваан тэнцээний 1 оноо авснаар нийт 40 оноотой боллоо. Улмаар лигийн эхний 2 байрын багуудын онооны зөрүү 10 болж холдлоо. Ингэснээр үлдсэн 3 тойргийн тоглолтуудын үр дүнгээс үл шалтгаалж, “Улаанбаатар” баг лигийн аваргын болзлыг хангаж байна.
 
Ч.Мөнхбат дасгалжуулагчтай “Хангарьд” багийн хувьд 34 оноотой болж, 4-р байрт тэмцээнийг цааш үргэлжлүүлэхээр боллоо. Багуудад одоо нэмэлт дахин нэг тойрог буюу тус бүр 3 тоглолт хийх үлдэж байна.
 
 
"УЛААНГОМ СИТИ" 4 ТОГЛОЛТ ДАРААЛАН ОНОО АВЛАА 
 
Дээд лигийн тэмцээний нэмэлт тойрогт учраа таарсан “Ховдын Хүлэгүүд”, “Улаангом Сити” багуудын тоглолт тэнцүүхэн өрсөлдөөнтэй боллоо. “Улаангом Сити” багийн хувьд сүүлийн 3 тоглолтоос дараалан оноо авч хүснэгтийн байр ахиад байсан бөгөөд энэ удаад ч сайн тоглолтоо үргэлжлүүлж, тэнцээний нэг оноо авч чадлаа.
 
“Ховдын Хүлэгүүд” багаас энэ тоглолтод эхний үед Б.Амарсанаа 2 гоол, Н.Өлзийсүрэн 1 гоол оруулж 3:0-р тэргүүлсэн. Тэгвэл тоглолтын 2-р хагас эхлээд “Улаангом Сити” эхний үед ашиглаж чадаагүй боломжуудаа ашиглаж, тооны харьцааг тэнцүүлсэн юм. Онцлох тоглогч Карлос Хавьер байлаа. Тэрээр багийнхаа эхний 2 гоолыг оруулж, 3 дахь гоолын дамжуулалтыг өгсөн байна.
 
“Улаангом Сити” улирлын өмнөх 2 учраанд Ховдод хожигдоод байсан бол энэ удаад тэдний эсрэг чухал тоглолтод оноо авснаар нийт 8 оноотой боллоо. Дээд лигийн анхны улирлаа өнгөрүүлж буй тэд одоогоор хүснэгтийн 8-р байрт бичигдэж байгаа юм. Харин “Ховдын Хүлэгүүд” багийн хувьд нийт 13 оноотой болж хүснэгтийн 7-р байраа хадгалж байна.
 
 
"ХАНТЕРС" 5-Р БАЙРАА БАТАТГАЛАА
 
Дээд лигийн хүснэгтийн 5 болон 6-р байрт жагсаж буй “Хантерс”, “Вестерн” багуудын энэ улирлын 3 дахь учраа 2:0 харьцаатай өндөрлөлөө. Тоглолтын гол баатар “Хантерс” багийн мэргэн бууч Мин Ки-Тэ байлаа. Тэрээр багийнхаа 2 гоолыг оруулж энэ хожилд чухал үүрэг гүйцэтгэлээ. Солонгос жигүүрийн довтлогч Мин Ки-Тэ нэмэлт тойрог эхлээд доод хэсгийн 3 тоглолтод нийт 8 гоол оруулаад байна.
 
БНСУ-ын мэргэжилтэн Мо Жон Ил дасгалжуулагчтай “Хантерс” баг ийнхүү улирлын 10 дахь хожил 34 дэх оноогоо авснаар хүснэгтийн 5-р байраа бататгалаа. Одоо тэдэнд “Улаангом Сити” багтай хийх улирлын сүүлийн буюу 20 дахь тоглолт нь үлдэж байна. 2 дахь улирлаа Дээд лигт өрсөлдөж буй “Хантерс” баг сүүлийн 12 тоглолтод ердөө 2 хожигдсон гэсэн сайн үзүүлэлттэй байна. 

"Улаанбаатар" клуб аваргын болзол хангалаа  
Үзсэн: 98 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй