Зам, тээврийн сайдын ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр /2026.06.29/ болж, салбарын цаг үеийн асуудлуудыг хэлэлцэн, харьяа байгууллагуудын удирдлагуудад үүрэг, чиглэл өглөө.
Хурлын эхэнд Зам, тээврийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг амжилттай зохион байгуулсныг онцолж, Зам, тээврийн яам болон харьяа байгууллагуудын удирдлага, хамт олонд талархал илэрхийллээ.
Мөн Иргэний нисэхийн үндэсний төв ТӨХХК Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем, тоног төхөөрөмжийг шинэчлэх экспортын зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурсан нь Монгол Улсын агаарын навигацын тоног төхөөрөмжийг олон улсын стандартад нийцүүлэн бүрэн шинэчлэх чухал ажлын эхлэл болсныг онцолсон байна.
Үндэсний их баяр наадам болоход цөөхөн хоног үлдэж, энэ жил Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ой тохиож буйтай холбогдуулан баяр наадмыг өргөн хүрээнд зохион байгуулах бэлтгэлийг сайтар хангахыг үүрэг болголоо. Мөн олон хоногийн амралтын үеэр орон нутгийн авто замын хөдөлгөөн эрчимжих тул авто замын бүрэн бүтэн байдал, аюулгүй байдал, засвар арчлалтад онцгой анхаарч ажиллахыг холбогдох байгууллагуудад даалгав.
Дэлхий болон бүс нутагт нефтийн нийлүүлэлт хүндрэх эрсдэл үүсэж болзошгүй байгаатай холбогдуулан байгууллага бүр шатахуун, түлшний нөөцөө бүрдүүлж, газрын тосны бүтээгдэхүүний тээвэрлэлтийг тасалдуулахгүй байх чиглэлд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болголоо. Ялангуяа иргэний нисэх болон төмөр замын байгууллагууд түлш, шатахууны одоогийн нөөц болон цаашдын хэрэгцээний тооцооллоо яаралтай танилцуулж, бүтээн байгуулалтын ажлуудад саатал үүсгэхгүйгээр төлөвлөн ажиллах шаардлагатайг сануулав.
Мөн "Наадмын маргааш намар" гэдгийг онцлон, дулааны цахилгаан станцуудын нүүрсний тээвэр, нийлүүлэлт, нөөц бүрдүүлэх ажил эхлэх гэж буйтай холбогдуулан Улаанбаатар төмөр замын удирдлагуудад бэлтгэл ажлаа эртнээс хангахыг үүрэг болголоо.
Борооны улирал эхэлж буйтай холбогдуулан авто замын эвдрэл, гэмтэлд онцгой анхаарч ажиллахыг даалгаж, Зам, тээврийн яамны Салбарын хяналт-шинжилгээний газарт авто замын чанар, аюулгүй байдалд хяналт тавих, улсын баяр наадмаас өмнө яаралтай засвар, арчлалт шаардлагатай замуудын мэдээллийг танилцуулах чиглэл өгсөн байна.
Түүнчлэн зам, тээврийн салбарт хэрэгжиж буй томоохон бүтээн байгуулалтын төслүүдийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор 2026 оны долоо, наймдугаар сард Зам, тээврийн яам болон харьяа байгууллагуудын удирдлага, голлох төслүүдийг хариуцаж буй албан хаагчдын ээлжийн амралт, томилолт, хувийн ажлаар чөлөө авах асуудлыг түр хугацаанд хязгаарлаж, намрын улиралд буюу арав, арваннэгдүгээр сард зохицуулан олгохыг үүрэг болгожээ.
Мөн “МИАТ” ТӨХК-д агаарын хөлгийн паркаа өргөжүүлэх хүрээнд урт хугацааны лизинг болон түрээсийн нөхцөлөөр шинэ агаарын хөлөг авах боломжийг нарийвчлан судалж, танилцуулгыг Засгийн газрын хуралдаанд өргөн мэдүүлэхийг даалгасан байна.
Шуурхай хуралдааны үеэр байгууллага тус бүрийн ажлын гүйцэтгэл, төлөвлөгөөний хэрэгжилт болон тулгамдсан асуудлуудтай танилцаж, удаашралтай байгаа ажлуудыг эрчимжүүлэх, цаг үеийн асуудлыг шуурхай шийдвэрлэх чиглэлээр холбогдох үүрэг, даалгаврыг өглөө.
| Зам, тээврийн салбарын цаг үеийн асуудлаар шуурхай хуралдаан боллоо | ||
| Үзсэн: 75 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.