Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын нээлттэй өдөрлөг энэ сарын 29, 30-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болж байна. Энэ хүрээнд ГБХНХЯ-ны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн Мэргэжлээс шалтгаалсан өвчин судлалын эмнэлэг шинэ байрны нээлтээ албан ёсоор хийж, үйл ажиллагаагаа танилцуулах өдөрлөг зохион байгууллаа.

2024 онд үйлдвэрлэлийн ослын тоо өмнөх оноос 2 дахин, мэргэжлээс шалтгаалсан өвчний тохиолдол 43 хувиар өссөн. Эдийн засгийн идэвхжил нэмэгдэхийн хэрээр эрсдэлтэй ажлын байранд ажиллагсдын тоо 2035 он гэхэд 35 хувиар нэмэгдэх төлөвийг судлаачид гаргаад буй.
Улсын төсвийн хөрөнгөөр стандартын шаардлага хангасан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн 8 давхар, 4800 м² талбай бүхий шинэ барилгыг бариулж, 2025 оны 11 дүгээр сард ашиглалтад хүлээн авсан юм. Мөн 2025 онд мэргэжлээс шалтгаалсан өвчний оношилгоо, сэргээн засах эмчилгээ, хөдөлмөрийн нөхцөлийг судлахад нэн шаардлагатай 99 төрлийн 298 ширхэг багаж, тоног төхөөрөмжийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар худалдан авч, хүлээлгэн өгсөн.
Тус эмнэлэг хиймэл оюунаар тоноглогдсон уушги тоосжих өвчний оношилгоо хийх суурин болон дижитал рентген, шуугианы гаралтай сонсгол алдагдлыг оношлох аудиометр багаж, хэвийн бус нөхцөлд ажиллагчдад угаарын хий, хүнд металлын хордлогыг тодорхойлох шинжилгээ, хөдөлмөрийн нөхцөлийн хэмжилт, судалгааны багаж, төхөөрөмжийг ашиглаж эхлээд байна.

Барилга шинээр ашиглалтад орсноор тус төвд “Мэргэжлээс шалтгаалсан өвчний оношилгоо, хяналтын тасаг”, “Сэргээн засах, уламжлалт эмчилгээний тасаг”, “Хөдөлмөрийн эрүүл ахуйн лаборатори”, “Ажлын хувцас хамгаалах, хэрэгслийн сорилт туршилтын лаборатори” зэрэг иргэд, аж ахуйн нэгжүүдэд нэн шаардлагатай мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх тасаг, нэгжүүдийг шинээр байгуулж, үйлчилгээ үзүүлж эхлээд байна.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд төвийн барилга, тоног төхөөрөмжийн чадавхыг бэхжүүлэх цогц арга хэмжээний үр дүнд иргэд, аж ахуйн нэгжүүдэд чиглэсэн урьдчилан сэргийлэлт болон хөдөлмөрийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж нэмэгдэж, үйлчилгээний чанарт бодиттой ахиц гарчээ.
Энэхүү бүтээн байгуулалт нь Монгол Улсын Засгийн газрын 2025–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн үндэсний тогтолцоог бэхжүүлэх зорилтын бодит хэрэгжилт юм.
| Мэргэжлээс шалтгаалсан өвчин судлалын эмнэлгийн үйл ажиллагааг танилцууллаа | ||
| Үзсэн: 67 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.