Шууд Chart

Автобензин, дизель түлшний импорт өсжээ

2026-07-08 14:14:30

Монгол Улс 2026 оны эхний зургаан сард нийт 6 тэрбум 116.9 сая ам.долларын импорт хийсэн бөгөөд үүний 22.3 хувь буюу 1 тэрбум 363.3 сая ам.доллар нь нефтийн бүтээгдэхүүн байжээ.

Гаалийн ерөнхий газрын импортын статистик мэдээллээр, энэ оны эхний зургаан сард 505.2 мянган тонн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 26.3 хувиар, 2024 оны мөн үеэс 17.4 хувиар өссөн байна. Харин 956.7 мянган тонн дизель түлш импортолсон нь 2025 оны мөн үеэс 14.4 хувиар, 2024 оны мөн үеэс 22.2 хувиар тус тус өсжээ.

Импортын бүтцэд нефтийн бүтээгдэхүүний дараа суудлын автомашин 508.5 сая ам.доллар буюу 8.3 хувь, ачааны автомашин 224.3 сая ам.доллар буюу 3.7 хувь-ийг эзэлсэн байна. Мөн бульдозер, авто хусуур, тэгшлэгч, экскаватор зэрэг хүнд машин механизмын импорт 164.5 сая ам.доллар, телефон болон утасгүй холбооны төхөөрөмжийн импорт 138.6 сая ам.доллар, цахилгаан эрчим хүчний импорт 121.6 сая ам.доллар болжээ.

Харин суудлын автомашины импорт 43,161 ширхэг болж, өнгөрсөн оны мөн үеэс 31.5 хувиар, 2024 оны мөн үеэс 24.8 хувиар буурсан байна. Ачааны автомашины импорт мөн 10,389 ширхэг болж, 2025 оны мөн үеэс 20.8 хувиар, 2024 оны мөн үеэс 26.6 хувиар тус тус буурчээ.

Хүнсний бүтээгдэхүүний хувьд өтгөрүүлсэн болон хуурай сүү 3.6 мянган тонн болж, өмнөх оны мөн үеэс 4.9 хувиар өссөн байна. Өндөг 48.4 сая ширхэг импортолсон нь 2025 оны мөн үеэс 32.4 хувиар буурсан ч 2024 оны мөн үеэс 75 хувиар өсжээ. Мөн улаанбуудай 114.4 мянган тонн болж, өмнөх оны мөн үеэс 36.5 дахин өссөн байна.

Түүнчлэн хүнсний ногооны импорт 81.1 мянган тонн, жимс, самрын импорт 42.1 мянган тонн болж өмнөх оны мөн үеэс тус бүр өсжээ. Харин цагаан будааны импорт 15.3 мянган тонн болж, өмнөх оны мөн үеэс 32.1 хувиар буурсан бол улаанбуудайн гурилын импорт 21.1 мянган тонн, тахиа, гахайн мах, өөхний импорт 25.6 мянган тонн, элсэн чихрийн импорт 37.0 мянган тонн болж өссөн үзүүлэлттэй байна. Ургамлын тосны импорт 11.7 мянган тонн болж, өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар буурчээ.


Автобензин, дизель түлшний импорт өсжээ  
Үзсэн: 113 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй