Шууд Chart

Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах, Ургацын комиссыг байгуулна

2026-07-08 16:28:08

 

Хаврын тариалалтыг тавдугаар сарын 04-нөөс эхлүүлж урьдчилсан байдлаар 361.8 мянган га-д үр тариа, үүнээс 315.7 мянган га-д улаанбуудай,12.5 мянган га-д төмс, 11.8 мянган га-д хүнсний ногоо, 54.9мянган га-д малын тэжээл, 89.2 мянган га-д тосны ургамал нийт 530.4 мянган га талбайд тариалалт хийжээ. 

Шатахуун, үр, бордооны хангамжийг бүрдүүлэх зэргээр тариалалтын ажлыг технологит хугацаанд хийж гүйцэтгэх арга хэмжээг хэрэгжүүлж, өнөөдрийн байдлаар улаанбуудай, төмс, тосны ургамлын тариалалт дууссан. Харин малын тэжээлийн тариалалт үргэлжилж байна гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат танилцууллаа. 

Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээгээр тариалангийн бүс нутгуудад  7-9 дүгээр сард хэт халалтын үргэлжлэх хоногийн тоо их байх урьдчилсан төлөв гарсан. Ургамал хамгааллын технологийн зөвлөмжийг тариаланчдад хүргэж байна.

“Атар-4 Тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы хүрээнд Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн дэмжлэгтэй, арилжааны банкны эх үүсвэр бүхий хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэн. Өнөөдрийн байдлаар арилжааны банкнаас нийт 854 иргэн, аж ахуйн нэгжид 128.9 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоод байна. Зээл олгох ажил үргэлжилж байна.

“Нутагтаа эзэн 100:1000” төслийг 17 аймгийн 25 суманд гурван төрлийн тэжээлийн таримлын 412 тонн үр олгосноор тэжээлийн таримлын тариалалт 2300 га-аар нэмэгджээ. Энэхүү төслийг малчид, иргэдийн хамтын оролцоонд тулгуурлан хэрэгжүүлснээр хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэлийн бүтээмж сайжирч, мал аж ахуйн салбарын эрсдэлийг бууруулахад дэмжлэг болно гэж үзэж байна.

Танилцуулгатай холбогдуулан ”Тариалангийн үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг хангах, ургамлын ургалтын хугацаанд үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах арга хэмжээг бүс, орон нутгийн онцлогт нийцүүлэн шуурхай зохион байгуулах, ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах, Ургацын комиссыг байгуулж, ургац хураалтын бэлтгэл ажлыг нэгдсэн удирдлагаар шуурхай зохицуулж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбатад даалгалаа.


Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах, Ургацын комиссыг байгуулна  
Үзсэн: 74 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй