Баяр, наадмын амралтын өдрүүд эхэлж байгаатай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газраас үер, усны осол, гал түймрийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, урьдчилан сэргийлэх нэгдсэн мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурлыг өнөөдөр зохион байгууллаа. Хэвлэлийн хуралд ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашням, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, хурандаа П.Соронзонболд, Эрсдэлийн удирдлагын газрын хэлтсийн дарга, хошууч Ш.Анхтуяа, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын мэргэжилтэн Л.Баярмагнай нар оролцсон юм.
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашням “Улсын хэмжээнд 2021-2025 онд буюу сүүлийн таван жилд үерийн 301 удаагийн тохиолдол бүртгэгдэж, 5941 хүний амь насыг авран хамгаалж, нүүлгэн шилжүүлсэн.Үерийн улмаас 25 хүн (хүүхэд 6) амь насаа алдаж, 13665 толгой мал хорогдож, 1471 гэр байшин эвдэрч, 48.1 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.
Он гарсаар 07 дугаар сарын 09-ний байдлаар үерийн 11 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс Баян-Өлгий, Сэлэнгэ аймаг болон нийслэлд олон тооны айл өрх, аж ахуйн нэгж өртсөн 3 удаагийн томоохон үер боллоо. Тухайлбал нийслэл хот орчмоор долоодугаар сарын 07нд орсон борооны улмаас гудамж, нийтийн эзэмшлийн талбай, орон сууцны зоорийн давхар усанд автсан тухай 36 дуудлага, мэдээлэл ирсний дагуу Онцгой байдлын байгууллага, алба мэргэжлийн анги хамтран үерийн усыг соруулж зайлуулах, далан шуудуу татах, халдваргүйжүүлэлт хийх арга хэмжээг авч ажилласан.
Үерийн улмаас хүний амь нас хохироогүй. Улсын хэмжээнд үерийн их болон маш их эрсдэлтэй бүсэд 175 мянган өрхийн 642 мянган хүн ам оршин сууж байна. Энэ нь нийт өрхийн 19.4 хувь, нийт хүн амын 20 хувийг эзэлж байна. Үүнээс нийслэлийн хэмжээнд үерийн эрсдэлтэй бүсэд 7 дүүргийн 28 хорооны зөвшөөрөлтэй 1388, зөвшөөрөлгүй 282 нийт 1676 нэгж талбарт 1,917 айл өрх оршин сууж байна.
Үерийн хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангахаар нийслэлийн хэмжээнд ус ихээр тогтдог эрсдэл бүхий 41 байршилд 60 мотопомпыг байрлуулсан. Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Ардын хувьсгалын 105, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд 2026 оны 07 дугаар сарын 10-19-нийг хүртэл хугацаанд албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллана” гэлээ.

ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд “Улсын хэмжээнд он гарсаар обьектын гал түймрийн 2237 тохиолдол бүртгэгдэж, 37 иргэн (том хүн 23, хүүхэд 14)-ийг аварч, утаажилтын бүсээс 2481 иргэнийг эсэн мэнд гаргасан. Харин гал түймэрт 39 иргэн (том хүн 31, хүүхэд 8) өртөж нас барж, 39 иргэн (том хүн 33, хүүхэд 6) түлэгдэж, бэртсэн. Обьектын гал түймрийн дуудлага, мэдээллийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 18.6 хувиар буурсан бол гал түймэрт өртөж нас барсан хүний тоо 20.5 хувиар өссөн байна.
Сүүлийн гурван жилд Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүд буюу долоодугаар сарын 10-20-ны өдрүүдэд обьектын гал түймрийн 223, ой, хээрийн гал түймрийн 39 дуудлага мэдээлэл бүтгэгдэж, 4 иргэн амь насаа алдаж, 3 иргэн угаартаж, бэртэж гэмтсэн бөгөөд наадмын баяр амралтын өдрүүдэд жилд дунджаар 74 удаагийн гал түймэр гарч байна.
Харин улсын хэмжээнд нийслэлийн 2 дүүрэг, 12 аймгийн 53 суманд 129 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 24.5 хувиар буурсан байна. Дээрх ой, хээрийн гал түймэрт нэг иргэн өртөж нас барж, 2 иргэн түлэгдэж, 10 гэр, 2 байшин, 6 өвөлжөө, 4 хашаа саравч, 3 автомашин, 24 бод, 255 бог мал өртөж, урьдчилсан байдлаар ойн 11.792 га, хээрийн 922.930 га, нийт 934.722 га талбай өртөж, 4.6 орчим тэрбум төгрөгийн хохирол учирсан. Иймд баяр, наадмын амралтын өдрүүдэд ой, хээрийн болон обьектын гал түймрээс урьдчилан сэргийлж, хүн бүр галын аюулгүй байдлыг хангаж, соноор сэрэмжтэй байхыг зөвлөж байна”гэлээ.

Эрсдэлийн удирдлагын газрын хэлтсийн дарга, хошууч Ш.Анхтуяа: “Улсын хэмжээнд 2026 оны долдугаар сарын 09-ний байдлаар 13 аймгийн 32 сум, нийслэлийн 3 дүүрэгт усны ослын 58 тохиолдол бүртгэгдэж 34 иргэн амь насаа алдсаны 15 нь хүүхэд байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тохиолдлын тоо 38.1 хувь, амь насаа алдсан хүний тоо 25.9 хувиар тус тус өссөн байна. Өнгөрсөн оны улсын баяр наадмын амралтын 8 хоногийн хугацаанд 15 иргэн усны ослоор амь насаа алдсан тохиолдол бүртгэгдсэн.
Онцгой байдлын байгууллагаас 2021-2025 онд тохиолдсон усны ослын хар цэгийн 399 байршлыг тодорхойлж, хяналтын самбарыг байршуулж, сэрэмжлүүлэг мэдээллийг иргэдэд хүргэн ажиллаж байна. Мөн үер, усны ослын эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор улсын хэмжээнд “Бүү бас” нөлөөллийн аяныг 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл улс орон даяар өрнүүлж байна.
Тиймээс гол, нуурын эрэг дагуу амарч, зугаалж байгаа иргэд та бүхэн стандартын бус завь, хийлдэг гудас зэргийг ашиглахгүй байх, гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх, гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх, хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх, баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна” гэлээ.

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын мэргэжилтэн Л.Баярмагнай “Хүүхдийн аливаа осолд эндэж байгаа дийлэнх шалтгаан нь эцэг, эх, асран хамгаалагчдын хараа, хяналтгүй байдлаас шууд хамааралтай байна. Хүүхдүүд ихэвчлэн усанд эндэх, түлэгдэх, төөрөх, сураггүй алга болох, унаж гэмтэх осол, наранд цохиулах, нарших, хоолны хордлогоос болж эндэж бас өвчилж байна. Тиймээс баяр, наадмын амралтын өдрүүдэд хүүхдэд тавих хараа, хяналтаа дээшлүүлж, аюулгүй байдлыг хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна” гэлээ.
| А.Дашням: Нийслэлийн хэмжээнд үерийн эрсдэлтэй бүсэд 1,917 айл өрх оршин сууж байна | ||
| Үзсэн: 81 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.