Шууд Chart

С.Ганбаатар: З.Энхболд заал зохион байгуулагч болохоос УИХ-ын эзэн биш

2014-10-13 12:29:07

Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдаж тухайн долоо хоногт нэгдсэн чуулган болон байнгын хороогоор хэлэлцэх асуудал болон бусад анхаарч ажиллах асуудлын талаар мэдээлэл хийдэг. Үүний дагуу дөнгөж сая УИХ дахь бие даагч гишүүд мэдээлэл хийлээ. Бие даагч гишүүдийн хувьд энэ долоо хоногт Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний асуудалд нэгэнт байр сууриа илэрхийлсэн тул шинээр томилогдох сайд нар салбараа мэддэг мэргэжлийн хүмүүс байгаасай гэж хүсч байгаа гэдгээ дахин хэллээ.
 
Төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах тухай хуулийн төсөл энэ долоо хоногийн УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэнэ. Тус хуулийн төсөлд төр хувь эзэмших шаардлагагүй гэсэн агуулга байгаа гэдгийг бие даагч гишүүд хэллээ.
 
Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлаас илүү анхаарал хандуулах шаардлагатай нэг асуудал бол Төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах тухай УИХ-ын тогтоолын төслийг байнгын хороо болон УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх гэж буй явдал юм. Тус хуулийн төсөлд уул уурхайн баялаг, ашиглалт, олборлолттой холбогдолтой үйл ажиллагаанд төр оролцохгүй гэдэг заалт орсон байгаа. Өөрөөр хэлбэл, байгалийн баялагийг иргэдтэйгээ хуваахгүй зөвхөн хувийн хэвшлийн компани эзэмшинэ гэсэн үг юм. Өнгөрсөн зун өргөн барьсан уул уурхайтай холбоотой хуулийн төсөл зөвхөн энэ санааг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн байгаа. Уул уурхайн талаар төрөөс баримлах бодлогын баримт бичигт энэ заалт орсон. Тэгвэл энэ санаагаа баталгаажуулаад төрийн өмчийн компани уул уурхайн салбарт байж болохгүй гэсэн заалтыг оруулж байна. Гэтэл Эрдэнэт биднийг хичнээн жил тэжээж байгаа билээ. Тэгвэл энэ компанийг байхгүй болгох гэж байна. Өмнө нь Цагаан суврагын ордыг яг ийм замаар төр эзэмших хувийг байхгүй болгосон. Тэгвэл Оюутолгой мөн л ийм замруу явж байна. Байгалийн баялагаар эдийн засгаа болгож ирсэн орнуудын туршлагаас харахад бүгд л стратегийн томоохон орудууддаа төр хувь эзэмшиж байдаг” гэв. Тиймээс энэ асуудалд бүгд анхаарлаа хандуулахыг УИХ дахь бие даагчдын зөвлөлөөс хүсэв.
 
Түүнчлэн УИХ-ын бие даагчдын зүгээс өнгөрсөн долоо хоногт Оюутолгойн манай улсад  төлөх ёстой 130 сая ам.долларын татвар 30 сая ам.доллар болсон нь хууль бус хэмээн үзэж энэ талаар ажлын хэсэг ажиллаж байгаа гэдгийг мэдээлж байсан. Үүний дагуу ирэх Лхагва гарагт бие даагч гишүүдийн зүгээс Оюутолгойн хөрөнгө оруулалтын хэтрэлтийн талаарх  ажлын хэсгийн мэдээлэл өгөх ажлыг зохион байгуулахаар болжээ.
 
Уг мэдээлэл өгөх ажлын хэсгийн хуралдаанд холбогдох мэргэжлтнүүд болон татварын байцаагч нар оролцох аж. УИХ-ын гишүүн С.Ганбаатарын хэлснээр энэхүү Оюутолгойн ауудлаар мэдээлэл өгөх асуудлыг УИХ-ын дарга З.Энхболд өмнө нь хоёр удаа хойшлуулж байсан бөгөөд одоо ч ийм дарамт ирж байгаа гэлээ. Тэрээр мөн “З.Энхболд бол заал зохион байгуулагч болохоос УИХ-ын эзэн биш. Тийм учраас бидний хийж, хэлэхийг минь заах эрхгүй” гэсэн юм.
 
Түүнчлэн бие даагч гишүүд ард түмнийхээ эрх ашгийн төлөө цаашид ч Оюутолгойн хууль бус үйлдлийн талаар дуугарч байх болно гээд хэзээ ч албан тушаал авч дуугаа хориулахгүй гэдгээ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан хэлэхийг хүсч байна гэсэн юм.
 
Үүнээс гадна гадаадад амьдарч байгаа монгол иргэдээс бие даагч гишүүдээр дамжуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга З.Энхболд нарт захидал ирүүлжээ. Ингэхдээ АНУ-аас 1194 иргэн, Англи улсаас 355 иргэн, Дани болон Ирланд улсаас 156 иргэн, БНСУ-аас 270 иргэн, Франц улсаас 40 иргэн Швейцарь улсаас 219 иргэн, Японоос 161 иргэн, нийтдээ 2490 хүнийг гарын үсэг бүхий захидал бие даагчдад ирсэн байна. Уг захидлуудад Монголын улс төр, нийгэм, эдийн засагт гадныхны ноёрхлыг тогтоох гэсэн хэт улайрсан үйлдлүүд, тэдний гар хөл болсон монгол улс төрчдийн жинхэнэ нүүр царай тодорч байгаад түгшиж байна гээд Газрын тухай хууль болон Цөмийн энергийн талаар хуулийн төслүүдтэй холбоотой судалгаатай, үндэслэлтэй олон захидлууд ирсэн ажээ. Бие даагч гишүүд тун удахгүй тэдгээр захидлуудыг төрийн гурван өндөрлөгт гардуулах бөгөөд үүний дараа ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг нь мөн анхаарна гэлээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

С.Ганбаатар: З.Энхболд заал зохион байгуулагч болохоос УИХ-ын эзэн биш  
Үзсэн: 1524 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй