Шууд Chart

Д.Эрдэнэбат: Шинэ сайд нар “давхар дээл”-тэй байж болно

2014-10-13 14:14:11

Долоо хоног бүрийн даваа гарагт ээлжит бүлгийн хуралдаанаа хийдэг хуваарийн дагуу өнөөдөр УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж энэ талаараа мэдээлэл хийлээ.

Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэж Ерөнхий сайдаас мэдээлэл сонссон байна. Өнгөрсөн долоо хоногт Сангийн сайд Ч.Улаан ирэх 2015 оны төсвийн төслийн талаар мэдээлж, ирэх оны төсөвт орон нутагт тодорхой эрх мэдлийг шилжүүлж байгаа гэдгийг хэлсэн. Бүлгийн хуралдаанаар төсөв өргөн барьж байгаа болон төсвийн зарим өмчийг орон нутагт шилжүүлж байгаатай холбогдуулан орон нутгийн татварын асуудлаар мэдээлэл авчээ. Орон нутагт эрх мэдэл олгож буйтай холбогдуулан нийслэл болон Сангийн яамны аль аль талын санал хүсэлтийг сонссон гэдгийг бүлгийн дарга хэллээ. Түүнчлэн АН-ын бүлэг 2015 он төсвийн хямралтай байгаа учраас ямар нэгэн татварыг нэмэхгүй гэдэгт санал нэгдсэн байна.

Мөн бүлгийн хуралдаанаар Ерөнхий сайдаас Засгийн газрын бүрэлдэхүүний асуудлаар мэдээлэл сонссон бөгөөд энэ асуудлаа маргааш байнгын хороо, чуулганаар шийднэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа гэдгийг хэллээ. Бүлгийн хувьд хамгийн гол нь ажил болон бодлого алдагдахгүйгээр ажиллах ёстой, шинээр томилогдох сайд нарыг зөв сонгож, салбараа мэддэг хүнийг томилох хэрэгтэй хүнийг сонгох хэрэгтэй гэдгийг Ерөнхий сайдад хэлжээ. Мөн Ерөнхий сайд өнөөдөр бүтцийнхээ асуудлыг бүрэн шийдчих байх гэсэн юм.
 
Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч бүлгийн дарга нартай уулзаж мэдээлэл солилцсон. Энэ талаар АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Ерөнхийлөгч бүлгийн дарга нарт тулган шаардсан мэт харагдуулж байна, тийм зүйл болоогүй. Ерөнхийлөгч хоёр талын байр суурийг илэрхийлсэн. Нэгдүгээрт ойрын хугацаанд өргөн баригдах гол хууль болох Сонгуулийн тухай хууль, Хөгжлийн бодлого зорилтын тухай хууль, Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хууль, Төсвийн хуулийг анхаарал хандуулахыг хүссэн. Популизм байхгүйгээр 100 хувь батлаарай гэсэн. Засгийн газрын шинэ гишүүд давхар хашиж болох эсэх дээр бүлгээ сонсооч гэсэн хүсэлтийг Ерөнхийлөгч хэлсэн. Үүний дагуу өнөөдөр дахин хэлэлцэж бүлгийн гишүүд өөр, өөрсдийн санал байр сууриа илэрхийлсэн байна. Өнөөдөр мөрдөгдөж буй Үндсэн хууль, УИХ болон Засгийн газрын хуулиа баримталж ажиллах нь зүйтэй гэж байр сууриа дахин баталсан” гэсэн юм. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүний албыг давхар хашиж болох тухай заалт байгаа тул шинээр томилогдох сайд нар “давхар дээл”-тэй байх боломжтой гэсэн үг юм.

Үүний дараа АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат  сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
 
-Бүлгийн хувьд Засгийн газрын сайд нарыг гаднаас томилох ёстой гэж үзэж байна уу. Тодорхой байр сууринд хүрсэн үү?
-Одоогийн баримталж байгаа хуулиар гаднаас болон УИХ-ын гишүүдийн альнаас нь ч сонгож болно.
 
-Нийслэлээс автомашины ашигласны төлбөр болон бусад татварыг нэмэхээс өөр аргагүй гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа? 
-Э.Бат-Үүл даргын бухимдлыг бид ойлгож байна. Бид нийслэлийг шахаад байгаа юм биш. Нийслэлд олгох эрх мэдэл, татвартай холбоотой асуудлаар зохицуулалт хийх асуудал яригдсан. Ер нь бол татварын бодлого орон нутагт шилжсэнээр хэт төвлөрлийг саармагжуулна. Төрийн том бодлогыг нийслэлтэй уялдуулж хийх ёстой. Хүн ам, авто тээвэр, утаа, гэр хорооллын ачааллыг дийлэхгүй байна. Нийслэлийн төвлөрлийг сааруулж хариуцлагатай, эдийн засгийн бүрэн чадамжтай хот болгоход бодлого дутагдаж байгаа учраас зөв шийдвэр гаргах ёстой. Нийслэл өөрөө татвартай болох асуудлыг олон удаа УИХ-д тавьсныг энэ намраас эхлүүлье гээд хэлэлцэж байгаа. Тэрнээс биш ард иргэдээ татварын дарамтад оруулаад нийслэлээ хаях бодол байхгүй.

 
Нийтэлсэн: О.Энхмаа

Д.Эрдэнэбат: Шинэ сайд нар “давхар дээл”-тэй байж болно   
Үзсэн: 1365 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.118.xxx [202.21.118.xxx] 2014-10-13 15:12
Erunhiilugchiin zaabriig ab l daa

Бидэнтэй нэгдээрэй