Шууд Chart

АНУ Хятадын технологийн импортод шинэ хязгаарлалт тогтооно

2026-07-29 14:09:40

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа хиймэл оюуны дэд бүтэц болон үндэсний аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор Хятадад үйлдвэрлэсэн шинэ үеийн хүн дүрст болон дөрвөн хөлт робот, мөн сүлжээнд холбогддог цахилгаан инвертерийн импортыг хориглох шийдвэр гаргахаар болжээ.

АНУ-ын Холбооны харилцаа холбооны комисс (FCC)-оос хэрэгжүүлэх уг арга хэмжээ нь зах зээлд хараахан худалдаанд гараагүй шинэ загваруудад үйлчлэх бөгөөд шаардлагатай гэж үзвэл өмнө нь зөвшөөрөл авсан бүтээгдэхүүний зөвшөөрлийг цуцлах боломжтой аж.

Албаныхны үзэж буйгаар, интернетэд холбогддог робот болон цахилгаан инвертерүүд нь хэрэглэгчийн мэдээлэл цуглуулах, чухал дэд бүтцэд алсаас нэвтрэх, кибер халдлага үйлдэх эрсдэлтэй байж болзошгүй юм. Иймээс АНУ хиймэл оюуны дата төвүүд болон эрчим хүчний сүлжээг хамгаалах бодлогын хүрээнд энэхүү шийдвэрийг гаргажээ.

Шинэ хоригт Хятадын хүн дүрст робот үйлдвэрлэгч Юнитри, мөн инвертерийн томоохон үйлдвэрлэгч Сангроу болон Хуавэй зэрэг компаниудын бүтээгдэхүүн өртөхөөр байна. Харин Хятадаас бусад улсын үйлдвэрлэгчид уг арга хэмжээнээс чөлөөлөгдөж магадгүй гэж албаныхан мэдээлжээ.

Хятадын тал энэ шийдвэртэй холбогдуулан худалдааны харилцааг улс төржүүлэхгүй байхыг уриалж, асуудлыг харилцан яриагаар шийдвэрлэхийг хүссэн байна.


АНУ Хятадын технологийн импортод шинэ хязгаарлалт тогтооно  
Үзсэн: 65 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй