Шууд Chart

ЗГ: Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна

2026-07-29 14:27:10

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны долоодугаар сарын 29-ний өдөр болж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Шатахууны хангамжийн нөхцөл байдлын талаар танилцуулав. 

Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ 2026 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс Ойрх Дорнод дахь мөргөлдөөн дахин хурцадмал байдалд шилжсэнтэй холбоотойгоор сүүлийн 10 хоногт тогтмол өсөж, 100.34 ам.долларт хүрсэн ч мөн сарын 24-ний өдрөөс бага зэрэг буурч, 07 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 87.89 ам.доллартай тэнцэж байна. 

Монгол Улсын гол ханган нийлүүлэгч ОХУ-ын тухайд “Шатахууны тухай хууль”-ийг баталж, шатахуун, онгоцны түлшний экспортод бүрэн хориг тавих, худалдан авалтын хязгаарлалт тогтоож эхэлжээ. Гэсэн ч “Роснефть” компани өмнө нь байгуулсан гэрээний дагуу 2026 оны 03 дугаар сараас хойш АИ-92 автобензинийг тонн тутмыг 705 ам.доллароор нийлүүлж ирсэн ч дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ сүүлийн 3 сар дарааллан 30-аас дээш хувиар нэмэгдсэн учраас тогтмол үнийг дахин хэлэлцэх нөхцөл байдал үүсчээ. Нийлүүлэгч талтай хэлэлцсэний үр дүнд 07 дугаар сараас ОХУ-ын дотоодын биржийн үнэд суурилсан үнээр нийлүүлж эхлээд байгаа юм. Улмаар, дотоодын зах зээл дээрх АИ-92 автобензиний үнэ 250-300 төгрөгөөр нэмэгдсэн бол дизелийн үнэ 100-150 төгрөгөөр буурчээ.

Монгол Улс 07 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд АИ-92 автобензин 37 мянган тонн буюу 17 хоног, дизель түлш 91 мянган тонн буюу 23 хоногийн ердийн хэрэглээний нөөцтэй байна.  

Өнөөдрийн байдлаар 18 ААН-ийн 22ш 250 мянган тонны шатахууны агуулах барих арилжааны банкны зээлийн шийдвэр албажиж, хариуцлагын гэрээ байгуулснаар бүтээн байгуулалтын ажил эхэлснийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Төслүүдийн барилга угсралтын ажил харилцан адилгүй буюу 5-85 хувьтай явагдаж байна. 4-12 сарын хугацаанд бүрэн ашиглалтад орж дуусна.


ЗГ: Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна  
Үзсэн: 101 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй