МАХН-ын гишүүд, дэмжигчид намын даргынхаа хамт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнөөдөр мод тарилаа. МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын хувьд ногоон хөгжил, байгаль орчны асуудлыг ихээхэн дэмжиж ирсэн нэгэн.
Тэрээр 1990-ээд оны түймэр, зах зээлийн шуурганд устаж үгүй болсон Тужийн нарсыг иргэд, сонгогчдынхоо хамтаар сэргээх шанг татаж, анхны төгөлийг байгуулсан нь өдгөө хэдэн мянган мод болж өсч үржсэн юм. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарих үеэр энэ тухай түүний сэтгэгдлийг сонирхоход “Хүүхэд байхдаа коммунист субботник, мод тарих ажил их оролцдог байлаа. Тэр үед ухамсартай оролцохоос гадна байгууллага, сургуулийн хийх ёстой ажил гэдэг утгаар хамрагдаж байсан. Сүүлийн жилүүдэд ногоон хөгжил, байгаль орчны асуудал хурц тавигдаж байгаа учраас би Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байхаас эхлэн дэмжиж, санаачилга гаргаж байсан. Жишээ нь, Тужийн нарсыг сэргээх ажилд чадах, ядахаараа оролцсон. Одоо овоо сэргэсэн гэсэн мэдээ дуулаад баяртай байдаг. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулахад газар хуваарилах тухай анх сонсоод тухайн үеийн хотын удирдлагуудтай уулзаж, одоогийн энэ газарт байгуулвал ямар вэ гэсэн санал гаргаж, шийдвэрлэж байлаа. Тэгэхэд энд мод тарьж байснаа санаж байна. Тэр мод маань сайхан ургаж навчилсаныг эндхийн ажилтнууднаас сонсоод сайхан санагдаж байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээ цаашид дэлхийн том хотуудын алдартай цэцэрлэгт хүрээлэнгүүдтэй туршлага судалж, тэдний жишгээр хөгжүүлэх хэрэгтэй. Сайн дизайнерээр зураг гаргуулж, үзэсгэлэнтэй сайхан эсвэл өвөрмөц хэлбэртэй, анхилам үнэртэй цэцэг навчтай мод суулгавал илүү сайхан болно. Нийслэлийнхэн маань ирж амарч чөлөөт цагаа өнгөрүүлдэг, байгаль орчиндоо ээлтэй байх эрдмээс суралцдаг сайхан газар болоосой гэж хүсч байна” гэв.
МАХН-ын гишүүд, дэмжигчид, УИХ, Засгийн газар, НИТХ-ын төлөөлөгчид болон нийслэлийн иргэдийн хамт энэ өдөр 200 мод тарьсан юм.
Н.Энхбаяр намын гишүүд, дэмжигчдийн хамт мод тарилаа | ||
Үзсэн: 1356 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.