Шууд Chart

ОХУ-ын зарим бүсэд түлшний хангамж сайжирч эхэлжээ

2026-07-30 12:23:50

ОХУ-ын зарим бүс нутагт шатахууны хангамж аажмаар сайжирч, нөхцөл байдал тогтворжих хандлагатай байгааг тус улсын Шадар сайд Александр Новак энэ сарын 25-нд мэдэгджээ.

Түүний мэдээлснээр, зарим газрын тос боловсруулах үйлдвэрүүд үйл ажиллагаагаа сэргээж, шатахуун түгээх станцуудын дараалал багасаж, бүс нутгуудад нийлүүлэлт хэвийн байдалдаа орж эхэлсэн байна.

Александр Новак энэ мэдэгдлийг Засгийн газрын түлшний зах зээлийн асуудлаарх зөвлөгөөний дараа хийсэн бөгөөд бензиний экспортыг оны эцэс хүртэл хязгаарлах шийдвэр хүчинтэй хэвээр байгааг онцолжээ. Харин дизель түлшний экспортын хоригийг дотоодын зах зээл бүрэн тогтворжсон үед цуцлах боломжтой гэж мэдэгдсэн байна.

Сүүлийн саруудад Украины нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн халдлагын улмаас газрын тос боловсруулах хэд хэдэн үйлдвэр доголдож, үүний улмаас ОХУ-ын зарим бүсэд шатахууны хомсдол үүсч, үнэ өссөн. Үүнтэй холбогдуулан ОХУ-ын Засгийн газар экспортын хязгаарлалт тогтоож, дотоодын нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн.

Гэсэн хэдий ч Александр Новак энэ сарын 25-ны мэдэгдэлдээ нөхцөл байдал бүх бүс нутагт бүрэн хэвийн болоогүйг тэмдэглэж, ялангуяа Сибирийн зарим бүсэд хүндрэл үргэлжилж байгааг дурдсан байна. Тиймээс дотоодын түлшний зах зээлийг бүрэн тогтворжуулах хүртэл авч хэрэгжүүлж буй арга хэмжээг үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Эх сурвалж: Интерфакс, Ройтерс.


ОХУ-ын зарим бүсэд түлшний хангамж сайжирч эхэлжээ  
Үзсэн: 62 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй