Шууд Chart

Хогноос эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр 34 МВт-ын хүчин чадалтайгаар ажиллана

2026-08-07 10:08:52

Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг шинэ шатанд гаргах “Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх” төслийг 2025-2028 онд төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Энэхүү төсөл нь хогийг булшлах, байгаль орчинд сөрөг нөлөөтэй технологийг үе шаттай халж, орчин үеийн дэвшилтэт шийдэлд суурилсан хог боловсруулах, эрчим хүч гарган авах цогц системийг нэвтрүүлэхэд чиглэсэн. Тус үйлдвэрийг Морингийн давааны хогийн цэгийг түшиглэн барихаар Техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулан баталсан. Төслийн хүрээнд 600 нэгж талбар өртөж байгаа бөгөөд 146 нэгж талбарыг чөлөөлсөн бөгөөд үлдсэн нэгж талбарын хариуцагч нартай зөвшилцөх ажил үргэлжилж байгаа юм.

Нийслэл хотод жилд ойролцоогоор 1.5 сая тонн хог хаягдал үүсдэг бөгөөд үүнээс ердөө 25 орчим хувийг дахин боловсруулдаг. Үлдсэн 75 орчим хувь нь ихэвчлэн Морингийн даваа, Цагаан даваа зэрэг төвлөрсөн хогийн цэгүүдэд булшлагдах эсвэл ил задгай хаягддаг. Ийм байдлаар хогийг булшлах нь газрын хөрс, газрын доорх ус бохирдох, эвгүй үнэр тархах, метан зэрэг хүлэмжийн хий их хэмжээгээр ялгарах, өөрөө шаталт үүсэж агаарын бохирдол нэмэгдэх зэрэг олон сөрөг үр дагаврыг дагуулдаг. Түүнчлэн хогийн цэгүүдийн талбай жилээс жилд тэлж, шинэ газар ашиглах шаардлага үүсдэг нь хот төлөвлөлтөд ч хүндрэл учруулдаг байна.

Тиймээс хог хаягдлыг зөвхөн булшлах бус, эрчим хүчний эх үүсвэр болгон ашиглах нь дэлхийн олон орны хэрэгжүүлж буй тогтвортой шийдэл болоод байна. Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр нь орчин үеийн өндөр температурын шаталтын технологи болон утаа цэвэрлэх олон шатлалт системийг ашигласнаар агаарын бохирдлыг олон улсын стандартад нийцүүлэн хянах боломжтой. Ингэснээр хогийн хэмжээг 80-90 хувиар, эзлэхүүнийг 90 гаруй хувиар бууруулж, үлдэх үнсийг тусгай зориулалтын байгууламжид аюулгүй хадгалах эсвэл барилгын материалын үйлдвэрлэлд ашиглах боломж бүрддэг.

Энэ төслийг хэрэгжүүлэх шаардлага нь зөвхөн хогийн асуудлыг шийдвэрлэхээс гадна эрчим хүчний эх үүсвэрийг төрөлжүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, хотын агаар, хөрс, усны бохирдлыг багасгах, хог хаягдлын менежментийг олон улсын жишигт хүргэх зорилготой юм. Урьдчилсан тооцоогоор үйлдвэр ашиглалтад орсноор 34 МВт суурилагдсан хүчин чадалтай цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн хотын эрчим хүчний системд нийлүүлэх боломж бүрдэх бөгөөд, дулаан үйлдвэрлэлийн хувьд гэр хорооллын 2,333 орчим айл өрхийн халаалтыг орлох хүчин чадалтай гэж тооцоолжээ.

Хогноос эрчим хүч үйлдвэрлэх технологийг дэлхийн олон улс амжилттай ашиглаж байна. Тухайлбал Япон улс газар нутгийн хязгаарлагдмал байдлаас шалтгаалан хогийн ихэнх хувийг өндөр технологийн үйлдвэрүүдэд боловсруулж, эрчим хүч, дулаан үйлдвэрлэдэг. Швед улс ахуйн хог хаягдлын маш бага хувийг булшилж, үлдсэн хэсгийг дахин боловсруулах болон эрчим хүч үйлдвэрлэх зориулалтаар ашигладаг бөгөөд зарим үед хөрш орнуудаас хүртэл хог импортлон үйлдвэрүүдээ тасралтгүй ажиллуулдаг. Дани улсын нийслэл Копенхаген хот дахь орчин үеийн хог боловсруулах үйлдвэр нь цахилгаан, дулаан үйлдвэрлэхийн зэрэгцээ дээвэр дээрээ цанын зам байгуулсан нь үйлдвэрлэл, байгаль орчин, хот байгуулалтыг хослуулсан амжилттай жишээ болсон. Мөн Сингапур улс газрын нөөц багатай тул хогийнхоо дийлэнхийг шатааж эрчим хүч үйлдвэрлэн, үлдэх үнсийг тусгай зориулалтын хиймэл арал дээр хадгалдаг.


Хогноос эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр 34 МВт-ын хүчин чадалтайгаар ажиллана  
Үзсэн: 98 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй