Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит VIII хуралдаанаар "Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн жагсаалтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай", "Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлэх эрх олгох тухай" тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Б.Мөнхбат төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслүүдийн жагсаалтыг шинэчлэх хүрээнд "Хагас коксын үйлдвэр" төслийн нэрийг "Нүүрс пиролизийн үйлдвэр", "Дэнжийн мянга дэд төвийн оргил ачааллын үеийн дулааны эх үүсвэр”-ийг "Байгалийн хийн түлшний хангамж, хийн эрчим хүчний эх үүсвэр" болгон өөрчлөх үндэслэл, төслийн зорилго, ач холбогдлыг танилцууллаа.
Хэлэлцүүлгийн үеэр төлөөлөгчид төслийн хэрэгжилтийн бэлтгэл, байршил, техник, эдийн засгийн үндэслэл, үр өгөөж болон нийгмийн ач холбогдлын талаар тодруулга авч, санал солилцов.
"Улаанбаатар түншлэл төв" ХХК-ийн Төсөл хөгжүүлэлтийн албаны дарга П.Сугарням, Нүүрс пиролизийн үйлдвэрийн төсөл нь Багануурын хүрэн нүүрсний ордод түшиглэн жилд 1.8 сая тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай байхаар төлөвлөсөн гэв. Мөн жил бүр 82 мянган тонн давирхай үйлдвэрлэхээс гадна боловсруулсан хагас коксыг иргэдийн ахуйн түлшний хэрэгцээг хангахад зориулж нийлүүлэхээр тооцоолж байгааг дурдав.
НИТХ-ын төлөөлөгч Т.Отгонболд, уг төсөл нь Багануурын хүрэн нүүрсний нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулж, дотооддоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад бодит хувь нэмэр оруулах ач холбогдолтойг онцлон, дэмжиж байгаагаа илэрхийллээ.
НИТХ-ын төлөөлөгч Д.Наянбаяр, энэ бол улсын хэмжээнд стратегийн ач холбогдолтой төсөл хэмээн үнэлж, үйлдвэр ашиглалтад орсноор бүс нутгийн эдийн засагт эерэг нөлөө үзүүлэхийн зэрэгцээ ирээдүйд ажиллах инженер, техникийн ажилтан бэлтгэх асуудалд онцгой анхаарах шаардлагатайг хэлэв.
Төсөл тус бүрээр тогтоолын төслийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад НИТХ-ын төлөөлөгчдийн олонхын саналаар дэмжигдсэн юм.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит VIII хуралдаан 2026 оны наймдугаар сарын 10-ны өдрийн 09:00 цагт үргэлжлэхээр болов.
Эх сурвалж: НИТХ-ХМОНХА
| “Нүүрс пиролизийн үйлдвэр”-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тогтоолын төслийг дэмжлээ | ||
| Үзсэн: 64 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.