Шууд Chart

Хирошимад иргэд Японы зэвсгийн экспортын бодлогыг эсэргүүцэн жагсжээ

2026-08-07 13:51:17

Японы Хирошима хотод наймдугаар сарын 6-нд иргэд жагсаж, Засгийн газраас “Цөмийн зэвсэггүй байх гурван зарчим”-аа тууштай мөрдөхийг шаарджээ. Мөн зэвсгийн экспортын хязгаарлалтыг сулруулсан бодлогыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна.

Японы Засгийн газар энэ оны дөрөвдүгээр сард “Батлан хамгаалах тоног төхөөрөмж, технологи шилжүүлэх гурван зарчим” болон түүнийг хэрэгжүүлэх удирдамжид өөрчлөлт оруулсан юм. Ингэснээр өмнө нь аврах ажиллагаа, тээвэр, тандалт зэрэг тодорхой зориулалтаар хязгаарлаж байсан батлан хамгаалах хэрэгслийн экспортын хүрээг өргөжүүлж, тодорхой нөхцөл, хяналтын дор хүний амь хөнөөх хүчин чадалтай зэвсэг экспортлох боломжийг нээжээ.

Жагсаалд оролцогчид Япон улс зэвсгийн экспортоо нэмэгдүүлэх нь олон улсын зэвсэгт мөргөлдөөнд татагдан орох эрсдэлийг нэмэгдүүлнэ гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Тэд дайнд ашиглагдах зэвсгийг бусад оронд нийлүүлэхийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгджээ.

Эсэргүүцлийн жагсаал Хирошимаг атомын бөмбөгөөр бөмбөгдсөний 81 жилийн ойтой давхцсан юм. 1945 оны наймдугаар сарын 6-нд АНУ Хирошима хотод атомын бөмбөг хаясан бөгөөд тус хот өдгөө цөмийн зэвсгийг устгах, дахин ийм эмгэнэлт явдал гаргахгүй байхыг уриалдаг дэлхийн бэлгэ тэмдэг болсон билээ.

Мөн энэ өдөр Хирошимагийн Энх тайвны дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд болсон дурсгалын арга хэмжээнд олон арван мянган хүн оролцжээ. Хирошима хотын дарга Мацүи Казүми цөмийн зэвсгийг аюулгүй байдлын баталгаа, тогтоон барих хэрэгсэл хэмээн үзэх хандлага дэлхий дахинд нэмэгдэж байгаад санаа зовниж буйгаа илэрхийлж, цөмийн зэвсгээс ангид дэлхий ертөнцийг бий болгохын төлөө ажиллахыг уриалжээ.


Хирошимад иргэд Японы зэвсгийн экспортын бодлогыг эсэргүүцэн жагсжээ  
Үзсэн: 86 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй