Шууд Chart

Японы эрдэмтэд шүд дахин ургуулах эмийг 2030 он гэхэд хэрэглээнд нэвтрүүлэхээр зорьж байна

2026-08-07 14:28:32

Японы судлаачид хүний шүдийг дахин ургуулах боломжтой TRG035 нэртэй эмийг хөгжүүлж, эмнэлзүйн туршилтыг үргэлжлүүлж байна. Судалгаа амжилттай үргэлжилбэл уг эмийг 2030 он орчимд практик хэрэглээнд нэвтрүүлэхээр зорьжээ.

TRG035 нь шүд үүсэх үйл явцыг дарангуйлдаг USAG-1 хэмээх уургийн үйл ажиллагааг саармагжуулах зарчимтай моноклон эсрэгбие юм. Ингэснээр хүний биед байгаа шүд үүсгэх боломжийг идэвхжүүлж, шинэ шүд ургуулах нөхцөл бүрдүүлэхээр судалж байна.

Энэхүү технологийн суурь судалгааг Киотогийн их сургуулийн эрдэмтдийн оролцоотойгоор хийсэн бөгөөд өдгөө Японы Toregem BioPharma компани эмийн хөгжүүлэлтийг үргэлжлүүлж байгаа юм.

Судлаачид амьтанд хийсэн өмнөх туршилтуудаар USAG-1 уургийн үйл ажиллагааг дарангуйлснаар шинэ шүд ургах боломжтойг тогтоосон. Үүний дараа TRG035 эмийн хүний биед үзүүлэх аюулгүй байдал болон үйлчлэлийг тогтоох эмнэлзүйн туршилтыг 2024 оноос эхлүүлжээ.

Эмчилгээний эхний зорилтот бүлэг нь төрөлхийн шүд дутуу буюу зарим байнгын шүд нь огт ургадаггүй хүмүүс юм. Судалгааны үр дүнгээс шалтгаалан цаашид гэмтэл, өвчин болон бусад шалтгаанаар шүдээ алдсан хүмүүст хэрэглэх боломжийг судлахаар төлөвлөжээ.

Одоогоор шүдгүй болсон хэсгийг хиймэл шүд, гүүр болон суулгацаар нөхөх аргыг өргөн ашигладаг. Харин TRG035 амжилттай хөгжвөл хүний өөрийн биеийн шүд үүсгэх механизмыг ашиглан шинэ шүд ургуулах зарчмаараа шүдний эмчилгээний шинэ боломж нээж магадгүй юм.

Гэхдээ TRG035 нь туршилтын шатанд байгаа тул эмчилгээний үр нөлөө, аюулгүй байдлыг дараагийн шатны эмнэлзүйн судалгаагаар бүрэн тогтоох шаардлагатай. Судлаачид туршилтууд амжилттай үргэлжилсэн тохиолдолд 2030 он орчимд эмчилгээг практикт нэвтрүүлэх зорилт тавьжээ.


Японы эрдэмтэд шүд дахин ургуулах эмийг 2030 он гэхэд хэрэглээнд нэвтрүүлэхээр зорьж байна  
Үзсэн: 68 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй