Шууд Chart

Хүүхэд залуус, бизнес эрхлэгчдийг дэмжих инкубатор төвүүдийг хотын захын хорооллуудад байгуулна

2026-08-08 17:16:15

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороонд ажиллалаа.

Тус дүүрэгт нийслэлийн Бизнес, инновацын газар болон “Рио Тинто Монгол” ХХК хамтран “Баянхошуу бизнес инновацын сургалт үйлдвэрлэлийн төв”-д хүүхэд, залуучууд болон бичил бизнес эрхлэгчдэд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлийн хамгийн чухал хөрөнгө оруулалт бол барилга байшин бус хүндээ оруулж буй хөрөнгө оруулалт юм. Хамгийн том жишээ нь энэ төв болж байна. Энэхүү төвд бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх, бизнесийн чадавхыг нэмэгдүүлэх, хүүхэд, залуучуудад шинэ мэдлэг, ур чадвар эзэмшүүлэхэд чиглэсэн сургалт, хөгжлийн үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юм. Тухайлбал, AI, технологи, дрон, англи хэлний сургалтууд үнэ төлбөргүй хичээллэж байна. Бид энэ туршлагыг нийслэлийн бусад дүүрэг, алслагдсан хороонд үе шаттайгаар нэвтрүүлж, хамрах хүрээг өргөжүүлэх чиглэлээр дэмжин ажиллана” гэлээ.

Баянхошуу төвд англи хэлний сургалт, жюү жицүгийн сургалт, технологийн сургалтууд зохион байгуулагддаг бөгөөд нийт сургалт, өдөрлөгт нийт 552 хүн хамрагдаад байна. Мөн “Цэлмэг урлан” ХХК, “Очирт Манлайн оргил” ХХК, “Оюун ухааны академи”, “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих төв” зэрэг ААН-үүд үйл ажиллагаа явуулж байна.

Үйлчилгээний нэгдсэн төвийн Баянхошуу салбар өдөрт дунджаар 900-1200 иргэнд үйлчилгээ үзүүлж байна

Тус төвийн нэг давхарт нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Баянхошуу салбар үйл ажиллагаа явуулж байна. Баянхошуу салбарт НЗДТГ, Улсын бүртгэлийн газар,Татварын газар, нийслэлийн Газар зохион байгуулалтын алба болон зарим хувийн хэвшлүүд үйлчилгээ үзүүлдэг.  Нийт 16 албан хаагч иргэн, хуулийн этгээдэд төрийн болон бусад үйлчилгээг хүргэн ажиллаж байна.

Баянхошуу салбараас өдөрт дунджаар 900–1200 иргэн үйлчилгээ авдаг бөгөөд сард 19,850–23,000 иргэн, хуулийн этгээдэд үйлчилгээ үзүүлж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва иргэдэд түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлж, үйлчилгээний чанартаа анхаарч ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болголоо.


Хүүхэд залуус, бизнес эрхлэгчдийг дэмжих инкубатор төвүүдийг хотын захын хорооллуудад байгуулна  
Үзсэн: 76 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй