Японы Нагасаки хотод атомын бөмбөг хаясны 81 жилийн ой наймдугаар сарын 9-нд тохиолоо. Энэ өдөр Токио хотод иргэд цуглаан зохион байгуулж, Ерөнхий сайд Санаэ Такаичигийн Засгийн газрын батлан хамгаалах хүчин чадлаа нэмэгдүүлэх, Үндсэн хуулийн 9 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах чиглэлээр явуулж буй бодлогыг эсэргүүцжээ.
Цуглаанд оролцогчид Япон улс өнгөрсөн үеийн дайны түүхээс сургамж авч, энх тайванч хөгжлийн замыг тууштай баримтлах ёстой гэж уриалсан байна.
Тэдний хэлснээр, Япон улс Дэлхийн II дайны дараа энх тайвны Үндсэн хуулиа баталж, дайнаас татгалзах зарчмыг хуульчилсан. Гэвч сүүлийн жилүүдэд батлан хамгаалах зардлаа нэмэгдүүлж, цэргийн хүчин чадлаа бэхжүүлэхийн зэрэгцээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал яригдаж байгаа нь түгшүүр төрүүлж байгааг жагсагчид онцолжээ.
Японы Үндсэн хуулийн 9 дүгээр зүйлд олон улсын маргааныг шийдвэрлэх арга хэрэгсэл болгон дайнаас татгалзах зарчмыг тусгасан байдаг. Цуглаанд оролцогчид уг зарчмыг хэвээр хадгалж, хойч үедээ энх тайван нийгмийг өвлүүлэх ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.
Мөн Япон улс атомын бөмбөгийн халдлагад өртсөн дэлхийн цорын ганц улс гэдгийг сануулж, тус улсын пуужингийн хүчин чадлыг нэмэгдүүлэх болон цөмийн зэвсэгтэй холбоотой асуудал хэлэлцэгдэж байгааг эсэргүүцжээ.
“Япон улс цөмийн зэвсэгтэй байж болохгүй” хэмээн жагсагчид онцолсон байна.
Тэд цэргийн хүчин чадлыг нэмэгдүүлэх нь жинхэнэ аюулгүй байдлыг бий болгох арга зам биш гэж үзэж, Япон улс өнгөрсөн дайны түүхээс сургамж авч, дайны эмгэнэлт явдлыг дахин давтахаас зайлсхийх ёстойг уриалжээ.
| Японы цэрэгжилтийн бодлогыг эсэргүүцсэн иргэд Токиод жагсжээ | ||
| Үзсэн: 90 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.