Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи Саудын Арабын Гадаад хэргийн сайд Файсал бин Фархан Аль Сауд болон Пакистаны Армийн штабын дарга, фельдмаршал Асим Муниртай утсаар ярьж, бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой байдлыг хангах дипломат хүчин чармайлтын талаар хэлэлцжээ.
Ираны төрийн ИРНА агентлагийн мэдээлснээр, Арагчи Саудын Араб болон Пакистаны албан тушаалтнуудтай 24 цагийн дотор хоёр дахь удаагаа зөвлөлдсөн аж. Талууд бүс нутгийн хурцадмал байдлыг намжаах, аюулгүй байдал, тогтвортой байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн сүүлийн үеийн дипломат санаачилгуудын талаар санал солилцсон байна.
Мөн бүс нутгийн орнуудын хамтын ажиллагааны боломжийг бүрэн ашиглаж, үүссэн асуудлыг улс төр, дипломат арга замаар шийдвэрлэх шаардлагатайг онцолжээ.
Эдгээр яриа хэлэлцээ АНУ, Ираны харилцаа дахин хурцдаж, цэргийн ажиллагаа өргөжих эрсдэлтэй үед өрнөж буйгаараа анхаарал татаж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны эсрэг шинэ томоохон цохилт өгөх асуудлыг түр хойшлуулж, Тегерантай яриа хэлэлцээг үргэлжлүүлэхээр шийдсэн талаар Ассошиэйтед Пресс мэдээлжээ. Саудын Араб болон Персийн булангийн бусад орон цэргийн ажиллагааг өргөжүүлэхгүй байхыг Вашингтонд уриалсан талаар Д.Трамп мөн дурдсан байна.
Аль Жазирагийн мэдээлснээр, Вашингтон, Тегераны шинэ шатны хэлэлцээний гол асуудлуудын нэг нь Ормузын хоолойн нөхцөл байдал болжээ. Гэвч хоёр талын байр суурийн зөрүү арилаагүй тул урт хугацааны тохиролцоонд хүрэх эсэх нь тодорхойгүй хэвээр байна.
Үүний зэрэгцээ А.Арагчи наймдугаар сарын 1-нд Саудын Арабын Гадаад хэргийн сайд Файсал бин Фархан, Пакистаны Армийн штабын дарга Асим Мунир, Туркийн Гадаад хэргийн сайд Хакан Фидан нартай тус тус утсаар ярьж, бүс нутгийн нөхцөл байдлын талаар санал солилцжээ.
А.Арагчи энэ үеэр АНУ болон Израилийн зүгээс Ираны эсрэг дахин цэргийн ажиллагаа явуулбал Тегеран хариу арга хэмжээ авна гэсэн байр сууриа илэрхийлсэн аж. Мөн бүс нутгийн аль нэг улсын нутаг дэвсгэр, агаарын орон зайг Ираны эсрэг ажиллагаанд ашиглахыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг анхааруулжээ.
Саудын Араб болон Пакистан сүүлийн үеийн хурцадмал байдлыг дипломат арга замаар намжаахыг дэмжиж буй бөгөөд Ирантай хийж буй эдгээр зөвлөлдөх яриа нь бүс нутгийн хэмжээнд цэргийн мөргөлдөөнийг дахин өргөжүүлэхээс сэргийлэх дипломат хүчин чармайлтын нэг хэсэг болж байна.
| Иран бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар Саудын Араб, Пакистантай зөвлөлджээ | ||
| Үзсэн: 88 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.