Шууд Chart

Эмэгтэй малчдын хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа

2026-08-11 16:47:35

“Дэлхийн малчдын чуулган” бага хурлын хүрээнд Монгол Улсад зохион байгуулж буй бүсийн хэлэлцүүлэг Сэлэнгэ аймагт үргэлжилж байна. Хэлэлцүүлгийн хүрээнд “Эмэгтэй малчдын тунхаглал”-ыг хэлэлцэж, малчин эмэгтэйчүүдийн эрх, оролцоо, амьжиргаа болон нийгэм, эдийн засгийн асуудлыг хөндлөө.

Тус хэлэлцүүлэгт 17 орны 26 төлөөлөгч, Дорноговь аймаг болон төвийн бүсийн аймгуудын 30 гаруй малчин, нийт 60 гаруй малчдын төлөөлөл оролцож байна. Энэхүү хэлэлцүүлэг нь малчин эмэгтэйчүүдийн дуу хоолой, оролцоог олон улсын түвшинд хүргэхийн зэрэгцээ улс орнуудын малчдын харилцан туршлага солилцоо, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болж байна.

Төвийн бүсийн хэлэлцүүлгээр малчин эмэгтэйчүүдийн эрх, оролцоог нэмэгдүүлэх, нүүдлийн мал аж ахуйг тогтвортой хөгжүүлэхтэй холбоотой дараах үндсэн асуудлуудад тулгуурлан цаашдын үйл ажиллагааны чиглэлээ тодорхойлов. Үүнд:

  • Хүлээн зөвшөөрөлт, хүний эрх, өөрийгөө бие даан тодорхойлох эрх;
  • Нүүдэл, шилжилт хөдөлгөөн болон газар эзэмших, ашиглах эрх;
  • Эдийн засаг, хүнсний бие даасан байдал, амьжиргаа, хөдөлмөрлөх нөхцөл;
  • Байгаль орчин болон уур амьсгалын шударга ёс;
  • Малчин эмэгтэйчүүдийн мэдлэг, судалгаа, суралцах үйл явц, үе хоорондын залгамж чанар;
  • Эрүүл мэнд, боловсрол, нийгмийн дэмжлэг, дэд бүтэц, технологийн хүртээмж;
  • Аюулгүй байдал, хамгаалалт, нэр төр;
  • Төлөөлөл болон шийдвэр гаргалт;
  • Энх тайвныг бэхжүүлэх, зөрчил мөргөлдөөнийг шийдвэрлэх;
  • Хяналт-шинжилгээ болон хариуцлагын асуудлыг дэвшүүлэв.

Хэлэлцүүлгийн үеэр малчин эмэгтэйчүүдэд санхүүгийн үйлчилгээ, боловсрол, мэдээллийг тэгш хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлэхийн зэрэгцээ гэр бүл, хамт олны түвшинд шийдвэр гаргалтад тэгш эрхтэй оролцох боломжийг нэмэгдүүлэх шаардлагатайг онцоллоо.

Түүнчлэн уур амьсгалын дулаарал, цөлжилт, газрын доройтлоос урьдчилан сэргийлэх, байгаль орчны тогтвортой байдлыг хангах, биологийн олон янз байдлыг хамгаалах, малын үүлдэр угсааг бататган сайжруулах, мал маллагааны уламжлалт арга ухаан, өв соёлыг хадгалан хамгаалах нь нэн тэргүүний асуудал болохыг оролцогчид тэмдэглэв.

Бүсийн хэлэлцүүлэгт оролцож буй олон улсын малчдын төлөөлөл Монголын малчдын уламжлалт өв соёл, ахуй амьдрал, өдөр тутмын хэрэглээ, хүнсний соёлтой танилцаж, нүүдлийн мал аж ахуйн онцлог, уламжлалт мэдлэг, арга ухааны талаар туршлага солилцлоо.


Эмэгтэй малчдын хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа  
Үзсэн: 58 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй