Шууд Chart

Наймдугаар сард 50,000 тонн АИ-92 автобензинийг ОХУ-ын “Роснефть“ компаниас худалдаж авна

2026-08-11 17:15:42

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штабаас өдөр бүр мэдээлэл хийж буй. Өнөөдрийн ээлжит хэвлэлийн бага хурлаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Гадаад харилцааны яам, гаалийн байгууллага хамтран шатахууны нийлүүлэлт, нөхцөл байдлын талаарх мэдээллийг өглөө.

Мэдээллийн эхэнд, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв улсын хэмжээнд ШТС-уудаар түгээлтийг тасралтгүй хийж байгааг яриандаа дурдлаа. Түүний мэдээлснээр, шатахууны нийлүүлэлт, түгээлтийг Тээврийн цагдаагийн албатай хамтран шуурхай зохион байгуулж байгаа аж.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Улаанбаатар хотод 165 ШТС, орон нутгийн 49 ШТС-д түгээлтийг хийжээ. Наймдугаар сард 50,000 тонн АИ-92 автобензинийг ОХУ-ын “Роснефть“ компаниас худалдан авах захиалга баталгаажсан бол 15,000 тонн Евро-5 бүтээгдэхүүн худалдан авах захиалга баталгаажиж эхнээсээ ачилт хийгдээд явж байгааг АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв хэллээ. Түүний хэлснээр, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д хийж буй айлчлалын хүрээнд тус улсаас наймдугаар сард багтаан 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлшийг нийлүүлэхээр тохиролцсон. Эдгээр нь наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах, нөөц бүрдүүлэх боломжтой аж. Цаашилбал, Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүнийг тогтвортой нийлүүлэх тухай асуудлыг шийдвэрлэсэн байна.

Үргэлжлүүлэн, БНСУ-аас 5-6 мянган тонн АИ-92 автобензин болон Евро-5 төрлийн бүтээгдэхүүнийг худалдан авахаар тохиролцсон бөгөөд тус улсаас ачилт хийгдэж эхэлснийг Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв хэлэв. Мөн 3000 тонн онгоцны түлш худалдан авах гэрээ хэлцэл хийгдсэн бөгөөд эхний 1000 тонн нь ачигдсан бол үлдсэн нь боловсруулах үйлдвэрээс ачигджээ. Дараа нь, Гаалийн ерөнхий газраас Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Шуурхай штабын хүрээнд шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгааг мэдээллээ.

Наймдугаар сарын 1-ээс хойш тогтмол 5-6 мянган тонн нефтийн бүтээгдэхүүнд эцсийн бүрдүүлэлт хийдэг байсан бол өчигдрийн байдлаар 10,100 тонн нефтийн бүтээгдэхүүнд эцсийн бүрдүүлэлт хийжээ.

Мөн Гадаад харилцааны яамнаас олон улсын геополитикийн хурцадмал, тодорхойгүй байдлын улмаас 2026 онд дэлхийн зах зээлд газрын тосны бүтээгдэхүүний хямрал болж байгааг онцлов. Иймд Монгол Улсад үүсээд буй шатахууны доголдол нь дотоодын нөхцөл байдлаас илүү олон улсын нөхцөл байдлаас хамааралтай болохын тус яамны хэвлэлийн төлөөлөгч Р.Нямдаваа мэдээлсэн билээ.

Монгол Улсын хувьд ОХУ болон БНХАУ-аас түлш шатахуунаа импортолж байна. БНХАУ-ын хувьд бүх төрлийн шатахууны экспортоо хязгаарласан ч Монгол Улсад тусгай нөхцлөөр агаарын түлш нийлүүлж байна. Тус улсаас импортлох агаарын түлшийг нэмэгдүүэх чиглэлд Гадаад харилцааны яамны зүгээс БНХАУ-д суугаа Элчин сайдын яам болон тус улсад суугаа дипломат төлөөлөгчийн газраас хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна. Мөн агаарын түлшний импортын эх үүсвэрүүдийг нэмэгдүүлэх чиглэлд Казахстан болон БНСУ, Европын Беларусь тэргүүтэй улстай яриа хэлэлцээ хийж байгаа аж.Хамгийн сүүлд, наймдугаар сарын 4-ний өдрийн байдлаар Казахстан улсын зүгээс Монгол Улсад хандаж худалдан авах хүсэлтэй түлшний марк, хэмжээ болон тээвэрлэлтийн нөхцлийн талаарх мэдээлэл хүссэн албан нот ирүүлсэн бөгөөд энэ чиглэлд нааштай хариу гарна гэдэгт итгэлтэй байна гэж хэвлэлийн төлөөлөгч Р.Нямдаваа хэлэв.


Наймдугаар сард 50,000 тонн АИ-92 автобензинийг ОХУ-ын “Роснефть“ компаниас худалдаж авна  
Үзсэн: 90 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй