УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр орой өргөн барьсан Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Уг асуудлыг өглөө Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж цаашид хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж чуулганаар ийнхүү хэлэлцсэн юм.
Чуулганы хуралдааны үеэр Засгийн газрын бүрэлдэхүүний хуулийн төслийн талаар гишүүд асуулт асууж санал хэлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр ингэж Засгийн газрын бүрэлдэхүүний асуудлыг дангаар нь хэлэлцэж байгаа нь буруу гэв. Учир нь уг хуулийн төслийг баталсан ч сайд нарын асуудал үлдэх учраас үүнийг шийдэх хүртэл яамдыг хэн удирдах, шийдвэр гаргах гээд асуудал үүснэ гэдгийг хэлсэн юм. Харин хуулийн төслийг өргөн барьсан Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг Засгийн газрын бүрэлдэхүүний асуудлыг шийдсэн даруйд сайд нарыг томилох асуудлыг яаралтай шийднэ, тиймээс төрийн ажил орхигдох асуудал үүсэхгүй гэсэн юм. Харин Ё.Отгонбаяр гишүүн анх УИХ Засгийн газрын бүтцийн асуудлыг оруулж ирэхэд сайд нар нь тодорхойгүй байгаа гэдгийг нь ойлгоод Бүрэлдэхүүний хуулийг батлагдсан даруйд Бүтцийн хууль хэрэгжинэ гэж баталж өгсөн. Гэтэл одоо дахиад сайд нарын асуудлыг тусад нь оруулж ирэхээр яах аргагүй завсарын хугацаа үүснэ гэлээ.
Мөн УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт парламентийн түүхэнд ингэж Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн болон сайд нарын асуудлыг тусад нь оруулж ирж байсан түүх байхгүй гээд бүрэлдэхүүний асуудалтай цуг чөлөөлөгдөх сайд нарын асуудлыг оруулж ирэх ёстой байсан гэлээ. Түүнчлэн асуудлыг хэтэрхий сунжруулж байна гээд энэ хуулийг батлахаар “эзэнгүй яам, яамгүй сайд”-ын асуудал үүснэ гэдгийг хэлээд үүнээс илүү хэлэлцэх чухал олон асуудал байгаа гэдгийг мөн хэлсэн юм.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийг хүлээж байснаас муугаар хийгдсэн гээд үүнээс илүү тогтвортой байлгахаар шийдэх ёстой байсан гэлээ.
Харин УИХ-ын гишүүн Ц.Нямдорж АН дотроо фракц бүлэглэлүүд нь хэнийгээ унагаж, хэнийгээ сайд болгох вэ гэхээс өөр зүйл хийхгүй байна гээд ингэж сайд нарын асуудлыг хэлэлцэлгүй хүлээлгэж байгаа нь улс төрийн тохироо, хор найруулах зүйл хийхээр хүлээж байгаа гэсэн юм.
Үүнээс гадна УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг дагаж орж ирсэн 12 хуулийн төсөл нь Бүтцийн хуулийг дагаж орж ирэх ёстой байсан гэлээ. Үүнээс гадна бүрэлдэхүүний хууль батлагдсан даруйд Бүтцийн өөрчлөлтийн хууль хүчин төгөлдөр болно. Тиймээс сайд нарын асуудлыг өнөө маргаашгүй шийдэх ёстой гэлээ.
Ингээд байнгын хорооноос дэмжсэн Засгийн газрын бүрэлдэхүүний асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж нийт гишүүдийн 78.7 хувь нь дэмжснээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд буцаалаа.
Төрийн байгуулалтын байнгын хороо чуулганы дараа үргэлжлүүлэн хуралдаж байгаа бөгөөд хуралдаан дуусмагц чуулган хуралдаж Засгийн газрын бүрэлдэхүүний анхны хэлэлцүүлгийг хийх юм.
Бүрэлдэхүүний асуудлын дараа сайд нарыг яаралтай томилох хэрэгтэй гэв | ||
Үзсэн: 999 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.