Шууд Chart

Азийн олимпын зөвлөлийн дэд Ерөнхийлөгч Гордон Танг МҮОХ-нд зочиллоо

2026-08-12 10:36:26

Олон улсын олимпын хорооны гишүүн, Монголын Үндэсний Олимпын Хорооны Ерөнхийлөгч Б.Баттүшигийн урилгаар Азийн Олимпын Зөвлөлийн Дэд Ерөнхийлөгч, Азийн Холимог Тулааны Холбооны Ерөнхийлөгч Гордон Танг Монгол Улсад айлчилж байна.

Гордон Танг нь БНХАУ-ын серфингийн спортын тамирчин байсан бөгөөд Азийн холимог тулааны спортыг хөгжүүлэх, олон улсын түвшинд өргөжүүлэх, Азийн наадмын хөтөлбөрт багтаах чиглэлээр идэвхтэй ажиллаж буй спортын зүтгэлтэн юм. Түүнчлэн тэрбээр 2031 онд Камбож Улсад зохион байгуулагдах Азийн залуучуудын наадмыг хариуцсан Азийн Олимпын Зөвлөлийн Дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байна.

Өнөөдөр ноён Гордон Танг Олимпик хауст зочилж, МҮОХ-ны үйл ажиллагаатай танилцан, Монголын олимпын хөдөлгөөний түүх, өв уламжлалыг хадгалсан Олимпын музейг үзэж сонирхлоо.

Уулзалтын үеэр талууд холимог тулааны спортыг Монгол Улсад хөгжүүлэх, и-спорт болон оюуны спортын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх, Азийн спортын байгууллагуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, цаашид хамтран хэрэгжүүлэх боломжтой төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов.

Энэ үеэр Азийн спортын хөгжил болон олимпын хөдөлгөөнд оруулж буй хувь нэмрийг нь үнэлэн ноён Гордон Тангт МҮОХ-ны “Алтан Од” одонг гардууллаа.

Уулзалтад МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд болон МҮОХ-ны дэргэдэх салбар комиссуудын дарга нар, тэр дундаа шинээр байгуулагдсан И-спорт, холимог тулаан болон оюуны спортын комиссын төлөөлөл оролцлоо.

МҮОХ нь 2026–2030 оны олимпын мөчлөгт спортын салбарын хөгжлийг дэмжих, байгууллагын бодлого, үйл ажиллагаанд салбар бүрийн мэргэжлийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор нийт 16 салбар комисстой ажиллахаар төлөвлөж байна.

Энэ хүрээнд стратегийн ач холбогдлыг харгалзан Санхүүгийн комисс, Пара болон Тусгай олимпын спортыг дэмжих комисс, Зуны спортыг дэмжих комисс, И-спорт, холимог тулаан болон оюуны спортын комисс зэрэг шинэ комиссуудыг байгуулсан. МҮОХ-ны дүрмийн дагуу комиссын дарга нар Гүйцэтгэх зөвлөлийн үйл ажиллагаанд саналын эрхгүй төлөөлөгчөөр оролцох боломжтой юм.

Шинээр байгуулагдсан болон шинэчлэн ажиллах салбар комиссууд нь МҮОХ-ны бодлого, үйл ажиллагааг салбар тус бүрийн онцлогт нийцүүлэн дэмжихийн зэрэгцээ Монголын спортын хөгжлийн урт хугацааны зорилтуудыг хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ.


Азийн олимпын зөвлөлийн дэд Ерөнхийлөгч Гордон Танг МҮОХ-нд зочиллоо  
Үзсэн: 73 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй