Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, ажлын байр нэмэгдүүлэх, эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, экспортын чиг баримжаатай үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилго бүхий “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн бүтээн байгуулалтын ажил үе шаттай үргэлжилж байна.
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн дэд бүтцийн чухал бүрэлдэхүүн болох 24 МВт Дулааны цахилгаан станц болон цэвэрлэх байгууламжийн загвар зургийг Хот төлөвлөлтийн асуудал хэлэлцэх мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн дэмжигдсэн бөгөөд дэд бүтцийн бэлтгэл суурь ажлууд үргэлжилж байна. Мөн үйлдвэрүүдийг паркт төвлөрүүлэх ажлын хүрээнд “Паркийн нэгжийн гэрээ” болон “Паркт газар ашиглах гэрээ”-г байгуулсан арьс шир боловсруулах есөн үйлдвэр төслийн талбайд үйл ажиллагаа явуулах бэлтгэл ажил хангаж байна.
Мөн паркийн нутаг дэвсгэрт хамгаалалтын бүсийн хашаа, бизнес инкубатор болон сургалтын төвийн бүтээн байгуулалт хийгдэж, үйлдвэрлэл эрхлэгчдийг хүлээн авах суурь нөхцлийг бүрдүүлжээ. Ийнхүү үйлдвэрлэлийн нэгжүүдийг үе шаттайгаар паркт төвлөрүүлэхийн зэрэгцээ цахилгаан, ус хангамж, цэвэрлэх байгууламж, авто зам, инженерийн шугам сүлжээ зэрэг үндсэн дэд бүтцийг цогцоор нь шийдвэрлэхээр ажиллаж байна.
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” нь жилд 7.5 сая ширхэг арьс шир, 25.5 мянган тонн мах, 3.0 мянган тонн ноолуур, 5.8 мянган тонн ноос болон бусад түүхий эдийг боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай байхаар төлөвлөгдсөн. Мөн хөргүүртэй болон гүн хөлдөөх агуулах, хүнс, ноос ноолуур, дайвар бүтээгдэхүүний агуулах зэрэг үйлдвэрлэл, ложистикийн цогц дэд бүтцийг бий болгох юм.
Төсөл бүрэн хэрэгжсэнээр 5,600 гаруй тогтвортой ажлын байр бий болгож, хөрөнгө оруулалтыг 6-7 жилийн хугацаанд нөхөх, 1.72 их наяд төгрөгийн орлого бүрдүүлэх, улсын болон нийслэлийн төсөвт 86.3 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлэхээр тооцоолжээ.
Ингэснээр “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” нь зөвхөн үйлдвэрүүдийг нэг дор төвлөрүүлэх бус, аж үйлдвэр, дэд бүтэц, ложистик, хөдөлмөр эрхлэлт, экспортын үйлдвэрлэлийг цогцоор нь хөгжүүлсэн шинэ дагуул хотын эхлэл болох зорилготойгоор хэрэгжиж байна.
| “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн дэд бүтцийн бэлтгэл суурь ажлууд үргэлжилж байна | ||
| Үзсэн: 78 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.