Өнөөдөр Улаанбаатар хотноо эхэлсэн НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам хиймэл оюун, дижитал шилжилт болон Ногоон дата төвтэй холбоотой хоёр арга хэмжээ зохион байгуулна.
Наймдугаар сарын 18-нд “Ногоон хиймэл оюун, дижитал шилжилт болон шинжлэх ухаан” сэдэвт тусгай арга хэмжээг Мэдээллийн технологийн үндэсний парк, Шинжлэх ухааны академи, И-Монгол академитай хамтран “Монгол Улсын өргөө”-нд зохион байгуулахаар болжээ.
Мөн наймдугаар сарын 25-нд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Номин хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй Ногоон дата төвийн төслийг танилцуулна.
Төслийн хүрээнд Монгол Улс өгөгдөл хадгалалт, хиймэл оюуны тооцоолол, дижитал үйлчилгээний үндсэн дэд бүтцээ дотооддоо хөгжүүлэхээр зорьж байна. Ингэснээр мэдээлэл, тооцооллын дэд бүтцийн дотоодын чадавхыг нэмэгдүүлж, дижитал бие даасан байдлыг бэхжүүлэх ач холбогдолтой гэж үзэж байгаа юм.
Ногоон дата төвийг хөгжүүлэхдээ Монгол орны сэрүүн уур амьсгал, нар, салхины эрчим хүчний нөөц, өргөн уудам газар нутаг, газар зүйн байршил зэрэг давуу талыг ашиглахаар төлөвлөжээ.
Цаашид дата төвийг зөвхөн дотоодын хэрэгцээнд ашиглах бус, олон улсын технологийн компани, хөрөнгө оруулагчдыг татах замаар Монгол Улсыг Зүүн Хойд Азийн хиймэл оюуны сургалт, өндөр хүчин чадлын тооцоолол, өгөгдөл хадгалалтын бүс нутгийн төв болгон хөгжүүлэх зорилт тавьсан байна.

| COP17: Монгол Улс хиймэл оюунд суурилсан Ногоон дата төвийн төслөө танилцуулна | ||
| Үзсэн: 103 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.