Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг эдийн засгийг эрчимжүүлэх, яамдын бүтцийг оновчтой тогтоож, чиг үүргийн давхардалгүй ажиллах үүднээс Засгийн газрын бүтцийг өөрчлөх асуудлыг өргөн барьж УИХ-аар батлуулсан. Ингэхдээ Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яамыг нэгтгэн Сангийн яам, Уул уурхайн яам, Эрчим хүчний яамыг нэгтгэн Геологи, уул уурхай, эрчим хүчний яам, Барилга хот байгуулалтын яам, Зам тээврийн яамыг нэгтгэн Дэд бүтцийн хөгжлийн яам болгон өөрчилж, нийт 13 яамтай ажиллахаар болсон.
Үүний дараа буюу энэ долоо хоногт Засгийн газраас бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг өргөн барьж Монгол Улсын Засгийн газар нь Ерөнхий сайд, Шадар сайд болон 14 сайдын бүрэлдэхүүнтэй ажиллах саналыг танилцуулсан. Үүнийг нь өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж цааш хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн боловч гишүүдийн олонх нь Засгийн газрын бүрэлдэхүүний асуудлыг сайд нарын асуудлаас тусад нь шийдэх нь буруу хэмээн үзсэн учир хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг уг асуудлыг хэлэлцэхийг түр хойшлуулж шинээр томилох сайд нарын нэрсийг өргөн барьсаны дараа хамтатган хэлэлцэхээр болсон юм.
Харин өнөөдөр Засгийн газраас шинээр томилох гурван сайдын нэрийг өргөн барилаа. Тодруулбал, Сангийн сайдаар УИХ-ын гишүүн Д.Зоригтыг, Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдаар Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэнг, Уул уурхай, эрчим хүчний сайдаар Уул уурхайн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Р.Жигжидийг томилохоор болжээ.
Уг тогтоолын төсөлтэй зэрэгцэн ажлаас нь халах сайд нарын нэрсийг ч мөн өргөн барьсан юм. Тухайлбал, Ч. Улаан, Л.Болд, Ц.Баярсайхан, А.Гансүх, Д. Ганхуяг, Н.Батбаяр, М.Сономпил нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг мөн өргөн барилаа.
Ингэснээр Засгийн газар:
1. Байгаль орчин, ногоон хөгжлийн яам- С.Оюун
2. Батлан хамгаалах яам- Д.Бат-Эрдэнэ
3. Боловсрол, шинжлэх ухааны яам- Л.Гантөмөр
4. Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яам- Л.Пүрэвсүрэн
5. Сангийн яам- Д.Зоригт
6. Хууль зүйн яам- Х.Тэмүүжин
7. Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам-
8. Соёл, спорт, аялал жуулчлалын яам- Ц.Оюунгэрэл
9. Уул уурхай, эрчим хүчний яам- Р.Жигжид
10. Хөдөлмөрийн яам- Я.Санжмятав
11. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам- С.Эрдэнэ
12. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам- Ш.Түвдэндорж
13. Эрүүл мэндийн яам- Н.Удвал
Шинээр байгуулагдсан Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын нэрийг одоогоор Засгийн газраас өргөн мэдүүлээгүй байгаа юм. Учир нь тус яамны сайдаар УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Цолмонг томилох асуудал яригдаж эхэлсэн хэдий ч “Шударга ёс” эвслийн бүлгээс албан ёсоор нэрээ өгөх шийдвэр гараагүй учраас өргөн бариагүй гэдгийг эх сурвалжууд мэдээллээ. Түүнчлэн өнөөдөр МАХН-ын бага чуулган болж байгаа бөгөөд уг чуулганы дараа шинээр томилох сайдын нэр тодорхой болж магадгүй юм.
Засгийн газраас өргөн барьсан дээрх гурван сайдыг томилох эсэх асуудлыг өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байж шийднэ.
Шинээр томилох гурван сайдын нэрийг өргөн барилаа | ||
Үзсэн: 1615 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.