Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбат өнөөдөр Засгийн газрын “11-11 төв”-д ажиллаж, иргэдийн асуултад хариуллаа. Гаалийн байгууллага хүнд сурталтай, авлигад идэгдсэн гэсэн ойлголт нийгэмд бий. Энэ байдалд гаалийн өнөөгийн удирдлага олон талын дүгнэлт хийж, юуны өмнө гаалийн үйл ажиллагааг хөнгөн шуурхай болгох, гаальчид болон үйлчлүүлэгчийн нүүр тулан ажиллахыг багасгаж, гаалийн хяналт, бүрдүүлэлтэд зарцуулах цаг хугацааг богиносгоход анхаарч ажиллалаа гэж Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбат хэллээ.
Гадаад худалдааг хөнгөвчлөх, худалдааны саад тотгорыг арилгах, гаалийн бүрдүүлэлтийн цаг хугацааг хэмнэх зорилгоор 2014 оны есдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн "Гаалийн бүрдүүлэлтийн шинэчилсэн технологи үйл ажиллагаа"-ны үр дүнд гаалийн бүрдүүлэлтийн шат дамжлага 14 байсан бол 6-8 болж буурчээ.
Мөн Гаалийн байгууллага эрдэс, түүхий эд бүтээгдэхүүний экспортын гаалийн бүрдүүлэлтийг “Цаасгүй технологи”-д шилжүүлснээр нэг гаалийн бүрдүүлэлтэд зарцуулах хугацааг гурав дахин, шат дамжлагыг хоёр дахин бууруулжээ. Хил орчмын үнийн судалгаа хийж, Замын-Үүдийн боомтоор гаалийн нутаг дэвсгэрт импортлодог 1500 гаруй барааны дундаж үнийг тогтоон сүлжээнд ил тод байршуулснаар гаальчид, импортлогчдын хооронд үүсдэг үнийн маргаан багасч, бүрдүүлэлтэд зарцуулах хугацаа тав дахин буурчээ.
Гашуун-Сухайт болон Шивээхүрэнгийн гаалийн газарт "Цахим гаалийн бүрдүүлэлт, цаасгүй технологи" хэрэгжүүлж эхэлснээр бүрдүүлэлтийн 23-29 шат дамжлага 12 болж, ойролцоогоор 30 минут зарцуулдаг байсныг зургаан минут болгожээ. Гаалийн нэг бүрдүүлэлтэд долоон ажилтан оролцдог байсныг гурав болгосноор бүрдүүлэлтэд гаргадаг зардлыг дунджаар 4200 төгрөгөөр хэмнэж байна гэж Гаалийн ерөнхий газрын дарга хэллээ.
Дээрх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсний үр дүнд есдүгээр сарын сүүлийн байдлаар гаалийн байгууллагын улсын төсөвт төвлөрүүлэх орлогын төлөвлөгөө 84.2 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад орлого 23 тэрбум төгрөгөөр, татварын орлого 14.3 тэрбум төгрөгөөр өссөн байна.
Гаалийн бүрдүүлэлтэд зарцуулдаг хугацаа, зардал буурч байна гэв | ||
Үзсэн: 770 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.