“Tseren tours” компанийн захирал Э.Цэрэндолгорыг “Редакцийн зочин” буландаа урьж ярилцлаа. Тэрбээр гадныхан Баян-Өлгий аймгийн бүргэдчин охинтой нэг долларын гэрээ байгуулсан тухай баримтыг олон нийтэд дэлгээд байгаа юм.
Нэг долларын гэрээ гэдэг бол хүний эрхийг зөрчсөн, ёс суртахуунгүй үйлдэл
-Юуны өмнө бидний урилгыг хүлээн авч манай редакцид хүрэлцэн ирсэнд тань баярлалаа. Тэгэхээр Баян-Өлгий аймагт 13 настай бүргэдчин охинтой нэг долларын гэрээгээр кино хийх гэж байсан талаарх мэдээлэл гарч цахим ертөнцөд багагүй шуугиан дэгдээгээд байна. Энэ талаар яриагаа эхлэх үү?
-Жил бүрийн аравдугаар сарын эхний долоо хоногт Баян-Өлгий аймагт “Бүргэдийн баяр” болдог. Энэ жил 15 дахь жилдээ зохион байгуулагдсан юм. Энэ жилийн “Бүргэдийн баяр-т ойролцоогоор 70 гаруй бүргэдчин оролцож, 450 гаруй жуулчин ирсэн гэсэн.Би анх есөн жилийн өмнө энэ баярыг үзэж байсан юм л даа. Энэ жил дахин очиж үзэхэд арай өөр болсон байна билээ. Казак иргэд маань үндэснийхээ соёл, хувцас хэрэглэл, зан заншлаа үнэхээр гайхуулж чадаж байна. Тэр “Бүргэдийн баяр”-ын үеэр олны анхаарлыг татаж чадсан хүн бол 13 настай Н.Айшолпан гэдэг бүргэдчин охин байсан. Н.Айшолпаний аавыг нь би сайн мэддэг. Өмнө нь үзэсгэлэн гаргаж байхдаа аавынх нь зургийг тавьж байсан. Тэднийх Баян-Өлгий аймгийн Цамбагарав уулын орчимд Алтанцөгц сумд зуншдаг юм. Тэгээд би зун бүр тийшээ очих бүртээ аавтай нь уулздаг.
Энэ удаад тийм зүйл болсон гэж сонсоод зүгээр сониуч зандаа хөтлөгдөөд охинтой уулзаж ярилцъя гэж бодоод тэднийд очсон. Тэгээд тэр айлд очоод аав, охин хоёрыг иртэл ээжтэй нь ярилцаж суусан юм. Миний хувьд аялал жуулчлалаас тэр айлд ашиг нь орж байна уу, дэлхийд танигдаад мөнгөтэй болж байна уу, кинонд тоглоход ямар асуудлууд байна зэргийг сонирхохыг л хүсч байсан. Гэтэл ярилцаад үзсэн чинь одоохондоо мөнгө нь орж ирээгүй байгаа, гэрээ гэж сайн мэдэхгүй, гэрээн дээрээ юу тусгасныг нь ч мэдэхгүй, ер нь энэ хүмүүсийг гэртээ байлгаж хооллож ундлах гэж хэцүү байна гэсэн үг сонссон. Тэгээд би гэрээг нь үзье гэсэн санал гаргасан юм.
Гэрээгүзээд би ийм гэрээ байж болохгүй гэдгийг хэлсэн. Тэр үед надтай цуг Голланд, Канад, АНУ-ын гурван гадаад эмэгтэй хамт байсан. Тэгээд би гэрээг нь тэд нарт үзүүлээд ийм гэрээ байж болох уу гэж асуусан. Гэтэл өнөө гурав маань бүр алмайрч орхисон. Нэг нь бүр бид энэ охиныг ингэж биширч байхад ингэж хүний эрхийг гутаасан, байж боломгүй гэрээ байгуулна гэж юу гэсэн үг вэ гээд уйлж байсан. Өөрсдөө ёс суртахуунгүй гэрээ байна гэдгийг хэлсэн. Тэгэхээр би тэр гэрээг ганцаараа харсан юм биш, надтай хамт явж байсан гурван хүн гэрчилнэ. Тэр гурван хүний хоёр нь надад үүнийг баримтжуулж яриа өгсөн. Харин нөгөөх нь миний үйлчлүүлэгч байсан учраас би яриа аваагүй.
-Тэр гэрээ нэг долларын гэсэн нэрээр яваад байгаа нь ямар учиртай юм бэ. Үнэхээр нэг доллар төлнө гэсэн заалт байсан юм уу?
-Үнэхээр тэгж бичсэн байсан. Би баримтжуулаад утсан дээрээ зургийг нь хүртэл авсан. Би өөрөө өчнөөн олон гэрээ байгуулдаг учраас нэг долларын араас нь хаалт хашилтанд нэмэх боломжтой гэдэг заалт юм уу, тэгийн тоо ч юм уу, нэмэх тэмдэг байна уу гэж харсан, байгаагүй. Гэтэл одоо зарим хүмүүс бэлэглэлийн чанартай нэг доллар гэсэн гээд байгаа юм. Бид хэзээ гэрээг бэлэглэлийн чанартай хийдэг байсан юм. Гэрээ бол хоёр талын эрх ашгийг хамгаалсан батламж бичиг гэж би ойлгодог. Энэ тохиолдолд бол 13 настай Н.Айшолпан дэлхийд өөр хаана ч байхгүйховор охин. Би энэ охиныг алтаар бол цул, шижир алт. Зүсэгдээгүй цэвэр алмаз байдаг бол тэрэнтэй зүйрлэнэ. Гэтэл дэлхийн өөр аль ч улсад байхгүй ийм охиныг Монголыг үнэгүй сурталчил, аваад яв гэж арилжааны кино хийдэг хүмүүст өгч байна гэдэг бол нэг талаасаа бид өөрсдөө асуудалтай, ухамсаргүй байгааг харуулж байгаа юм.
Яахав энэ нэг долларыг хүмүүс юу ч гэж тайлбарлаж болно. Тухайн гэрээ хийсэн хүмүүс ч гэсэн юу ч гэж тайлбарлаж болно шүү дээ.Сүүлд нь нөгөө хүмүүс бид гэрээгээ шинэчилж хийх гэжбайсан юм. Киноныхоо орлогыг олоод ирэхээр мөнгө төлнө гэж бодож байсан юм гэсэн тайлбарыг хийсэн. Тэгвэл үүнийгээ ч гэсэн гэрээндээ тусгах ёстой. Магадгүй бид кино хийгээд 100 мянган долларын ашиг олбол 25 хүртэлх хувийг нь өгнө ч гэдэг юм уу. Гэтэл тийм заалт огт ороогүй. Тэгэхээр би тэр гэрээ зөв байсан ч гэж өмөөрөөд хараагүй байж надтай маргаад, гэрээ ийм байдаг гэж тайлбар хийгээд байгаа хүмүүсийг няцааж байна. Нөгөө талаасаа манайд их мэдэгчид яасан их байдаг болчихсон юм.
Бас нөгөө Айшер гэдэг залуу энэ бол зүгээр санамж бичиг байсан гэж тайлбарлаж байсан. Санамж бичиг дээр ч гэсэн энэ тухай тусгах ёстой. Би энэ олон жилийн хугацаанд гадна, дотны олон л хүнтэй ажиллаж байна. Олон хүмүүстэй гэрээ байгуулж, луйвардуулж үзсэн учраас хариуцлагатайгаар хандсан юм.
-Гэрээг хаанаас хийсэн юм бэ?
-Нью-Йорк хотод байрладаг “Огилвиэнтертайнмент” компанийн захиралОттоБелл гэдэг хүн гэрээг хийсэн. “Огилвиэнтертайнмент”бол дэлхий даяар хэрсэн хамгийн том уран сайхны шийдэлтэй рекламны асар том компани юм. Үүний Нью-Йорк хотод байдаг захирал нь тэр тусмаа гэрээний заалтыг маш сайн мэдэж байх ёстой. Магадгүй өнөөдөр бидний хэн нэг нь очиж гэрээ байгуулна гэвэл эрх зүйн талаасаа ч тэр, ийм л байна байх гээд аман тохироо хийгээд алдаж мэднэ. Гэтэл “Огилви энтертайнмент”-ийн Нью-Йорк дахь захирал гэдэг бол гэрээ болгоныг хардаг,нарийн үздэг хүн байх ёстой. Энд нэг талаасаа хариуцлага, нөгөө талаасаа ёс суртахууны асуудал яригдах юм л даа.
Яахав манай улс баахан хөрөнгө оруулагчдаа хөөчихсөн болохоор эмзэглээд байна л даа. Тэгээд монголыг дэлхийд сурталчлах гэж байсан хүнийг хөөчихлөө гээд байна. Харин би ерөөсөө тэгж харахгүй байгаа. Энэ охины тухай кино хийх гэсэн олон улс байгаа, тэд нарыг нь л оруулъя. Сая намайг тэндээс ирэхэд дахиад нэг киноны баг очно гэж байсан. Гэхдээ энэ бүх боломжийг хаасан нэг зүйл нь та нар гэрээтэй, өөр хэнтэй ч зураг авахуулахгүй гэдэг заалт нь байгаа юм. Тэгэхээр л хүмүүс буцаад явчихаж байна. Энэ охиныг тэртээ тэргүй дэлхий сонирхоно. Заавал өнөөдөр гаргах гээд байх хэрэггүй далд хийчих хэрэгтэй. Уг нь охиныг 18настай байхад нь кино хийснээс 13 настайд нь хийвэл илүү сайн. Энэ киног хийвэл үнэхээр ашиг олж чадна, сайн ч кино байсан муу ч кино байсан уг түүх нь, сэдэв нь өөрөө гайхалтай учраас. Холливудын кинонууд ихэвчлэн хийсвэр фантаз байдаг. Гэтэл энэ 13 настай охинд дэлхийн өөр хаана ч байхгүй гайхалтай бодит түүх байна шүү дээ. Казакын ард түмэн охин хүүхдийг их хайрлаж, гэрийн хүн болгох гэдэг. Юун тэр эрчүүдийн хүч чадлыг шаардсан эгц хад руу авирч, морь унаж, бүргэд барих. Гэтэл энэ охин хийж байна шүү дээ.
![](/uploads/assets/image/IMG_0105(4).jpg)
-Гэхдээ энэ асуудалд манайхаас холбогдох хүмүүсээс нь зөвшөөрөл авсан гэж бас яригдаад байгаа. Жишээлбэл, энэ асуудалд ССАЖ-ын сайд танд ямар хариу өгсөн бэ?
-Тэд нар анх ССАЖЯ-аас кино хийх зөвшөөрлийн бичигтэй гэж аавд нь хэлээд үзүүлсэн байна лээ. ССАЖЯ бол яахав гаднаас хүмүүс ирээд бид тэнд очиж “Бүргэдийн баяр”-ыг сурталчилж кино хийх гэж байна гэвэл зөвшөөрөл өгнө л дөө. Гэхдээ яамнаас үүнийхээ цаана нь яг юу хийх гэж байгаа талаар огт хяналт тавиагүй. Гэтэл хөдөө бол энэ чинь сайд зөвшөөрсөн юм чинь тэгэхгүй бол болохгүй гэсэн их том хаалт болдог юм байна л даа. Би эхлээд ССАЖ-ын сайд руу таны кино хийх зөвшөөрөл өгсөн хүмүүс чинь ийм зүйл хийгээд явж байна гээд жиргэсэн. Намайг өөрийн фэйсбүүктээ тэгж бичсэний дараахан Баян-Өлгий аймаг дахь ССАЖЯ-ны газрын дарга Хайнар гэдэг залуу ярьсан. Тэгэхдээ сайд над руу ярьсан, юу болсон юм бэ, бид үүнийг шалгая гэж хэлсэн. Гэтэл сайд дараа нь жиргэхдээ “Энэ талаар ярилаа. 3000 доллар авч гэрээ хийхээр боллоо” гэсэн. Яг үнэндээ энэ бол би тэнд байхдаа зохицуулчихсан асуудал. Охины ээж нь угаасаа удахгүй хагалгаанд орох гэж байгаа эмэгтэй бий. Би тэгээд ээжид нь энэ бол тэр кино багийн долоон хүн танайд байрлаж байсны хөлс шүү гэдгийг хэлсэн. Та нар бодоод үз л дээ, тэр олон хүн ирчихээд өдөржин ээжээр нь хоол, унд хийлгүүлээд л хамаг ажлыг нь алдуулж байх хэцүү шүү дээ. Тэгж ялгаж хэлэхгүй бол хөдөөний хүмүүс чинь өгч байгааг нь киноны мөнгө гээд л ойлгочихно. Яагаад ингээд сүрхий шалгаж үзсэн гэхээр би чинь нэгдүгээрт, аялал жуулчлалын салбарт ажилладаг хүний хувьд аялал жуулчлалаас энэ айл үнэхээр ашиг олдог уу гэдэг нь надад сонин байсан. Хоёрдугаарт, би гадны кино уран бүтээлчидтэй ажиллаж харьцангуй мэдээллээ солилцдогийн хувьд энэ охин тэр киноноос ашиг авч байна уу гэдэг нь надад сонин байсан. Бүр эцсийн эцэст энэ хүмүүсийн ийм ёс зүйгүй байдлыг нь харангуутаа би тэд нарын талаар, энэ киноны талаар цааш нь судалгаа хайлт хийгээд өөрийнхөө хэмжээнд шалгаж үзсэн. Тэгэхэд энэ хүмүүс цаанаа мөнгө босгох гэж байрлах байран дээрээ найман мянган доллар заасан байгаа юм. Гэтэл Монголд ирээд тэр хэмжээний мөнгийг үрээгүй. За яахав, Улаанбаатарт зочид буудалд гурав хоносон биз. Харин хөдөө очоод л шууд тэр айлдаа байрласан. Өмнө нь долоодугаар сард ирэхдээ ч гэсэн тэр айлдаа мөнгө төлөлгүй байрласан байсан.
-Та гэрээ байгуулсан байгууллагатай нь холбогдож үзсэн үү. Тэндээс ямар нэг тайлбар хийсэн үү?
- Тэр Отто гэдэг залуу л аавтай нь шууд гэрээ хийгээд гарын үсэг зуруулсан. Орчуулагч нь одоо ингээд гэрээ хийх юм байна, зураг авна, та өөр хүнтэй гэрээ байгуулж болохгүй шүү гэдгийг нь л хэлсэн байгаа юм. Гэтэл гэрээнд байгаа нарийн заалт нь тэр охины дүрс, зургийг Отто бүх амьдралынх нь турш эзэмшинэ гээд оруулчихсан байгаа юм. Энэ бол аюултай заалт. Эхний гурван жил эзэмшээд зурагнуудаа зарж болно. Гэтэл амьдралынх нь турш эзэмшинэ гэдэг чинь юу гэсэн үг вэ. Өөрөөр хэлбэл, би өнөөдөр тэр охины гайхалтай зургийг авчихаад зарах эрхгүй, хэрэв зарвал гэрээ хийсэн Отто надтай заргалдах байдал үүсчих юм.
- Кино зураг авалтын 60 хувь нь хийгдчихсэн гэсэн. Одоо цаашдаа ямар байдал үүсэх бол?
-Кино зураг авалтын 80 хувь нь хийгдчихсэн. Яагаад ингэж хэлж байгаа гэхээр өнгөрсөн зун зураг авалтын хамгийн хэцүү буюу зургаа, долоон хоног уулаар явж зураг авалтыг хийсэн. Бүргэд ямар сүрлэг амьтан билээ. Уулын хамгийн эгц хадтай оргил хэсэгт байдаг амьтан. Гэтэл тэр охин ямар ч хамгаалалтын хэрэгсэлгүйгээр тэр хамгийн өндөр эгц хадан хясаан дээр гарч яг бодитоор зураг авахуулсан байгаа юм. За яахав, аав нь дор нь уяа, олс бариад зогсож байсан юм байж. Гэхдээ тэр зураг авалтыг Холливудын ямар ч од орлон тоглогчгүйгээр хийхгүй. Төсөөлөөд үз л дээ, 13 настай охин нэг хөл алдахад л доошоо унана. Тийм зүйл тохиолдвол охиныг хэн аврах байсан юм, хэн батлан даалтыг нь хийх байсан юм, тэд нар Америк руу авч явах байсан юм уу. Хамгийн наад зах нь хадан дээр унаад хацраа зүсье гэж бодоход хэн тэр охины гоо сайхныг нөхөх юм. Хэрэв тэд нар бүх л амьдралынх нь турш дүрсийг нь эзэмшинэ гэж байгаа бол тэр охинд үүсэх эрсдлээс хамгаалж юу өгөхөө бас хэлэх ёстой. Гэтэл гэрээнд тийм эрсдлийн талаар нэг ч заагдаагүй. Тэгэхээр чинь би энэ гэрээг хүний хамгийн наад захын язгуур эрхийг зөрчсөн гэрээ гэж хараад байгаа юм. Тэд нарыг гадагш нь хөөгөөд явуулчихлаа гэж харамсаад байгаа хүмүүс уучлаарай, энэ охин үхэхэд та нар Монгол нэрд гарсан юм чинь хамаагүй гэх үү. Эцсийн эцэст арилжааны кино байсан ч, баримтат кино байсан ч тухайн хүн бол тодорхой хэмжээгээр төлбөрөө авах ёстой.
-Гэрээг бүр таслан зогсоох боломжтой юу?
-Болно. Маш амархан. Гэхдээ би битгий зогсоосой гэж бодож байна. Яагаад гэхээр тэдний зураглаачид нь үнэхээр мундаг байсан. “Бүргэдийн баяр” дээр тэр охин энгэртээ нууц камертай л явж байсан, юу болж байгаа, тэр охинтой ярилцаж байгаа хүмүүс юу ярьсан гээд л бүгдийг нь бичиж авч байсан. Миний яриа ч гэсэн тэнд байгаа. Тэгэхээр зураглаачид бичлэгийг их олон янзаар мундаг хийсэн гэж бодож байна. Гэрээг таслан зогсоогоод бол нэмэргүй. Харин үүний оронд гэрээгээ олон улсын зарчмаар хий гэж шахах хэрэгтэй.
Би энэ болсон явдлын талаар ээж, аавтай нь ярилцаад маргааш нь тэд нарыг ирэхэд гэрээний талаар огт мэдээгүй юм шиг ярилцаж байгаад фэйсбүүк дээрээ шэйр хийсэн тэр бичлэгүүдийг хийсэн. Отто бол энэ нэг л эвгүй болоод явчихлаа гэдгийг шууд мэдсэн. ХаринАйшернадад бүх зүйлээ ярьсан. Би гар утсаараа бичиж байсан болохоор энэ бүхнийг удаан бичих боломж байгаагүй. Дараа нь би Айшертай гэрээний талаар ярихад гэрээг казакаар хийсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би ээжээс нь асуусан чинь үгүй гэдгийг хэлсэн. Хамгийн анхны худлаа хэлсэн нь энэ. Тэгээд би тэгвэл гэрээг чинь үзье гэсэн чинь царай нь сонин болоод л орчуулагчаа аваад гарсан. Эргэж орж ирэхдээгэрээ хийгдээгүй байгаа гэсэн. Тэгэхээр нь би та нар хүний эрхийг уландаа гишгэж байна гэсэн чинь энэ гэрээ бол санамжийн бичиг. Гэрээг дахиад хийгдэх тухай ярьсан. Тэгээд би гэрээ заавал хийгдэх ёстой, ингэхдээ бүр гурван хэлээр хийгдэх ёстой, энэ байдлыг чинь би зөвшөөрөхгүй гэж шууд хэлсэн. Энэ бүхнийг тэд нар зөвшөөрсөн л дөө. Төлбөрийн талаар асуусан чинь Айшер бол мэдэхгүй гээд Отто надад юу ч хэлээгүй. Эцэст нь би “Би бүх баримтаа авлаа. Та нарын талаар энэ бүхнийг дэлгэнэ” гэж хэлсэн.
-Хүмүүс энэ үүссэн нөхцөл байдлын талаар янз янзаар ярьж байна л даа. Таныг, өөрийнхөө төлөө энэ бүхнийг хийж байгаа гэж хэлэх хүн ч байна?
-Энэ бүхнийг ингэж дэлгэснээр тэр гэрээ олон улсын анхааралд очно. Дээрээс нь энэ хүмүүс эргээд ирэхдээ жинхэнэ гэрээ байгуулна. Яг үнэндээ төслийнхөө 80 хувьд оччихоод зогсоно гэдэг тэдэнд хэцүү. Дээрээс нь энэ хүмүүс гайхамшиг гэдгийг өөрсдөө жинхэнэ мэдэрчихсэн байгаа. Тэгэхээр эд нар киногоо заавал дуусгана гэж бодож байна. Харин тэр болтол гэрээгээ олон улсын шаардлагад нийцүүлээд, гурван хэл дээр хий гэсэн шаардлагыг л тавих ёстой.
-Гэрээ дахиад хийгдлээ гэж бодоход та энд бүрэн хяналт тавих боломжтой юу?
-ССАЖ-ын сайд намайг та агентлаг нь болох гээд байвал болно шүү дээ гэж хэлсэн байсан. Би тэр үед сайд одоо яршиг л байна гэж бодож байсан боловч гадныхан ингээд ороод ирэхэд манай улсад хянадаг хяналт юу байна гэдэг талаар бодсон. Төрийн байгууллагынхан би төрийнх болохоор орохгүй гэчихдэг, аймгийнхан болохоор оролцъё ч гэсэн мэдлэг нь дутдаг. Одоо Баян-Өлгий аймгийн ССАЖЯ-ны газрынхан надаас зөвлөгөө авч байна. Олон улсад энэ ямар гарцтай байх вэ, бид үүнийгээ олон улсад яаж үнэ хүргэж чадах вэ, орон нутгийнхан эндээс ямар мөнгө авч чадах вэ гэдэг талаар огт ойлголтгүй байгаа юм.
Би гэхдээ энэ гэрээнд яг оролцмооргүй байна. Яагаад гэвэл намайг амбицтай гэдэг хүмүүс одоо чи дундаас нь мөнгө завших гэсэн байна гэж яриад эхэлнэ. Ингээд хараад байхад Монголд урлагийн мундаг менежер байдаггүй юм байна. Тэгээд дээрээс нь олон өмгөөлөгч байдаг хэрнээ энэ асуудлыг шүүрээд авах өмгөөлөгч байхгүй байх. Миний бодлоор бол нэг өмгөөлөгч юм уу, урлагийн менежер энд ороод л өөрийнхөө хувийг аваад бүх асуудлыг нь шийдэх ёстой.
-Хувьдаа аялал жуулчлалын салбарын компанитай хүн энэ охины талаар ингэж дуугарах нь ямар ашигтай юм бэ?
-Энд миний компани хамаагүй л дээ.Харин би өөрөө хувь хүнийхээ хувьд тэгш эрх, шударга ёс гэсэн зарчмуудыг баримталдаг. Би өөрийн фэйсбүүкт бичиж байсан, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шударга байцгаая гэж хэлсээр байгаад энэ үгний утгыг алдагдуулчихсан. Тийм болохоор шударга байцгаая гэж хэлэх гэхээр амнаас гардаггүй юм. Зарим хүмүүс намайг энэ охиноор PR хийж байна гэнэ. Би энэ охинтой, охингүй компанийнхаа PR-ыг хийнэ. Тэртээ тэргүй миний хэлсэн болгон PR болдог, тэглээ гээд намайг чи дахиад PR-длаа гэж чичээд яах юм бэ. Би компанитай ч байсан компанигүй ч байсан үүнийг харсан бол хэлэх л байсан. Гэхдээ энэ асуудалд зөвхөн шуугиан дэгдээж байгаадаа биш, харин нийгэмд хүрээд энэ талаар олон хүн мэдвэл би баярлана.
Хэрэв би Ц.Оюунгэрэл сайдын оронд байсан бол...
- Та түрүүн яриандаа дурдаж байсан. Ийм гайхалтай түүхтэй охин гараад ирсэн байхад тэрийг шүүрч аваад кино хийчих монгол уран бүтээлчбайсангүй гэж. Тэгэхээр та манай кино уран бүтээлчдийг хэрхэн дүгнэдэг вэ?
-Би Монголынхоо кино, баримтат кино хийдэг хүмүүсийг бүрэн өмөөрнө. Яагаад гэхээр нэгдүгээрт, тэд нарыг улсаас дэмжиж, санхүү болон бусад зүйлээр төдийлөн харж үздэггүй. Хоёрдугаарт, үнэхээр чин сэтгэлээсээ мундаг хөрөг кино гаргаад ирэхэд түүнийг нь хүндлэх хүн байдаггүй. За санхүүгээ больё, нэг хөрөг кино хийхэд маш их цаг хугацаа орно. Хийсэн киногоо телевизүүдэд зарна гэхээр телевизүүд санхүүгийн ямар хүнд байдалтай байгаа билээ. Нөгөө талаасаа манайхан сүүлийн хэдэн жилд их тийм гял цял зүйлд дуртай болчихож. 1990-ээд оноос хойш манай улсад уран бүтээлчид хэн ч биш болсон. Уран бүтээлчид байтугай тэдний оршин тогтнох байгууллага ч үгүй болсон. Гэхдээ бас энэ бүхнээ залгуулж, уран бүтээлээ үнэнчээр хийж яваа хүмүүс байна. Гэтэл тэдний уран бүтээлийг хэн ч үнэлэхгүй. Магадгүй нэг телевиз киног нь худалдаж аваад гаргалаа гэж бодоход түүнийг нь үзэх хүн байхгүй. Бид нар бүгдээрээ нэг их айхтар хөөсөн давалгаан дунд ороод л яваад байна. Гэхдээ манайхан нэг өдөр залхахаараа Солонгосын энэ савангийн дууриа үзэхээ зогсох байх гэж бодож байна. Үүний оронд орон нутгийн илүү үнэ цэнэтэй гоё зүйлүүдийг үзэж эхэлдэг болох байх.
Хэрэв би жаахан мөнгөтэй байсан бол, илүү эрх мэдэлтэй, Ц.Оюунгэрэл сайдын түвшинд байсан бол ССАЖЯ-ыг огт өөр зохион байгуулалттай болгоод уламжлалт өв соёлыг баримтжуулж хадгалж үлддэг гэдэг утгаар нь баримтат киноны тусгай сан бий болгох байсан. Хэдэн жилийн өмнө Олимпийн наадамд түрүүлсэн хүнд одоо чсар болгон гурав, дөрвөн сая төгрөг өгч байна. Тэд нар чинь авдаг юмнуудаа авчихсан шүү дээ. Өнөөдөр бараг мундаг сайн киночин байснаас бөх байсан нь дээр болох гээд байх шиг байна. Бөхчүүд орон нутагт нэг очиж барилдаад хэдэн арван сая төгрөг авч байна. Гэтэл хүмүүсийн оюуныг гэгээрүүлж байгаа уран бүтээлчид хоосон л байна ш дээ.
-Та сая би Ц.Оюунгэрэл сайдын оронд байсан бол баримтат кинонд нэлээд анхаарна гэж хэллээ. Таны ингэж ярьж явааг магадгүй зарим хүмүүс сайд болох амбиц гэж харж байж болох юм?
-Хүмүүс тэгж боддог юм байна лээ. Надад тэгж сайд болох хүсэл, амбиц алга. Төрийн ажил хийж байснаас хувийн хэвшилд байсан нь дээр. Хувийн хэвшилд ажилласан хүн шударга, ёс зүйтэй, өрсөлдөх чадвартай, өөрийнхөө хүчээр явдаг. Сайд аа та ингээд хийчихээч гэхээр би сайдад заасан болчих гээд байдаг. Би оронд нь байсан бол гэхээр сайдын суудалд санаархсан болчих гээд байдаг. Гэхдээ нэг хэсэг сайдыг шүүмжилсэн чинь хүмүүс надаас “Цэрээн, чи үнэхээр сайд болох гээд байгаа юм уу” гэж асууж байсан. Надад үнэхээр тийм амбиц байхгүй. Нэг хэсэг бас намайг УИХ-д орох гэж байна гээд л шуугисан. Бас зарим нь та их хуралд орох ёстой ч гэж хэлж байсан. Би харин ч тийшээ орох ёсгүй хүн. Гадна нь байж л би хүссэн зүйлээ хэлж, ярьж, дуугарч чадна. Би залуучуудыг нам дагаж биш өөрийнхөө чадвар, хүсэл мөрөөдөлд итгээсэй гэж хүсдэг. Өнөөдөр манайд нам дагавал томордог үзэгдэл хэвийн болж л дээ.
Намайг 16 мянган дагагчтай гэхээр хүмүүс итгэдэггүй юм
-Сүүлийн үед Ц.Уянга та хоёрын дунд багагүй маргаан үүсээд байх шиг байна?
- Ц.Уянга бол сүүлийн үед гарсан томоохон үл хөдлөх компаниудын нэг болох "M.A.D Mongolia" компанийн захирал. Өөрийгөө сүүлийн үед фэйсбүүкийн од болчихлоо гэдэг болсон байна лээ. Яс юман дээрээ бид нар бүгдээрээ л од байхгүй юу. Ц.Уянгаагийн твиттерт бичээд миний хамгийн их дургүйг минь хүргэсэн зүйл бол “Дэлхийд алдартай гэрэл зурагчныг хөөлөө. Өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдана гэдэг боллоо” гээд л намайг тэнэг мангараар минь дуудсанаас эхлэлтэй. Тэгээд дээрээс нь намайг 13 настай охиноор PR хийлээ гэсэн болохоор дургүй минь хүрсэн юм. Яахав зүгээр энэ Цэрэн тэнэг, мал гэж хэлсэн бол тэр нь миний зүрхэнд тэгж хүрэхгүй. Гэтэл миний үнэн сэтгэлээсээ тэмцэж байгаа зүйлийн төлөө тэгж хэлсэн болохоор миний уур хүрсэн.
Үүнийх нь хариуд миний эзэмшдэг “Café Amsterdam” гэдэг кафег 2012 онд “М.А.D”гэдэг компани надаас булаах гэж байсныг нь би дэлгэж тавьсан юм. Зарим хүмүүс энийг та хоёрын хувийн асуудал байна гэсэн. Гэхдээ энэ хувийн асуудал гэхээсээ илүү гэрээтэй холбоотой юм. Манай улсад гэрээ ойлгодоггүй хүмүүс зөндөө байна. Би гэхдээ нэг их ухаантай, хууль зүйн мэдлэгтэйдээ үүнийг яриад байгаа юм биш. Гэрээн дээр их олон алдаж үзсэн учраас яриад байгаа юм.
-Таны бүх л үзэл бодол өөрийн тань цахим хуудсуудаар олон нийтэд хүрдэг. Та цахим хуудсандаа хэр олон дагагчтай вэ?
-Зарим хүмүүс хэлэхээр итгэдэггүй юм. Үнэнээр нь хэлэхэд, би цахим хуудсандаа 16 мянган дагагч, дөрвөн мянган найзтай. Гэхдээ 20 мянган хүнээс өдөр тутамд фэйсбүүкт ордог, миний бичсэн зүйлд илүү их анхаарал хандуулдаг гэхээр хүмүүсийн тоо нь цөөрнө л дөө. Гэхдээ миний Мишьелтэй хийсэн ярилцлагыг орсон даруйд 800 лайк дарсан байсан. Би шууд айж эхэлж байгаа юм чинь /инээв/. Тэгэхээр хүнсенсацитай юманд их дуртай байдаг юм байна лээ. Миний эрүүл байгаа яриа явахгүй байгаа хэрнээ согтуу байх нь хүмүүст их таалагдаж.
-Та тэр үед үнэхээр согтуу байсан юм уу?
-Согтуу гэдэг бол тасрахыг хэлж байгаа байх/инээв/.Би халамцуу байсан юм. Намайг цохиж авсан, тэнэг гэж хэлсэн л гэнэ. Хүмүүс яриан дундаа “Өө, ямар тэнэг хүүхэн бэ” гээд л уулга алддаг ш дээ. Тэгж л хэлсэн болохоос тэр хүнийг тэнэг болгож өөрөө ухаантай хүн болох гээгүй. Хүмүүсийг тэгээд байхаар нь би нөхөртөө үзүүлсэн чинь чи байгаагаараа л байна шүү дээ гэсэн. Би угаасаа тэгж гараа савлаж, хөдөлж ярьдаг юм шиг байна лээ. Гэхдээ эфирээр гарахдаа аль болох биеэ цэгнэхийг боддог юм.
-Хүмүүс таны талаарх бүхий л мэдээллийг, сая ярилцсан энэ маргаануудыг хүртэл цахим ертөнцөөс л олж авч байна. Тэгэхээр та цахим сүлжээний талаар ямар бодолтой байдаг вэ?
-Би жиргээг хуушуур, хүүхэн ярьсан, олонх нь эрчүүд байдаг зугаагаа гаргадаг зүйл гэж боддог. Бид нар твиттерийг ашиглах хэмжээнд нь ашиглаж чаддаггүй. Би өнөөдөр гадны том том хүмүүсийг дагахад тэдний жиргэж байгаа нь дандаа улс орондоо хэрэгтэй зүйл байдаг. Манайхан бол твиттертээ “Хүүхэндчих юмсан, хуушуурдах юмсан” гэж бичээд л сууж байдаг.
Миний фэйсбүүкт орсон шалтгаан бол “Tseren tours”компанид ажиллаж байсан хүмүүсийн ихэнх нь 20 гаруй настай залуучууд байсан. Бүгдээрээ фэйсбүүк ашигладаг байсан. Дөрвөн жилийн өмнө намайг фэйсбүүкийг анх ашиглаж байхад уруулаа төмбийлгөсөн, хөхөө гаргасан, хуруугаа гозойлгосон охидууд байдаг байсан байхгүй юу. Би өөрийгөө фэйсбүүкийн орчныг өөрчилсөн гэж боддог шүү. Өнөөдөр хүмүүс тийм зургаа тавибал онигоо болж дуусна. Өмнө нь бол манайхан юм үзээгүй юм шиг машины наана зургаа авахуулж тавьдаг байсан.
Одоо хүмүүс фэйсбүүкт Монголоороо аялсан зургаа тавьдаг болсон. Энд би өөрийгөө нэмэр болсон гэж боддог. Өөрийгөө энэ талбарт ямар нэмэр болж байгааг харахгүй юм бол би фэйсбүүк ашигласны хэрэг юу байгаа юм бэ. Яахав ингээд хэлчихээр би даруухан хүн биш л болох байх. Гэхдээ фэйсбүүк дээр өөрийнхөө хувийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг байсан учраас олон дагагчтай болсон гэж боддог. Дараа нь бас мүүнийхний тухай бичиж байсан. Дээрээс нь бас би хувийнхаа түүхүүдийг, багадаа алдаж байсан тухайгаа нэг их нуугаад байдаггүй юм. Энэ нь тодорхой хүмүүст их сонирхолтой санагддаг байх.
Онлайн ертөнц бодит мөртлөө хоосон юм. Тэгэхээр тэнд дарагдаж байгаа лайк, сэтгэгдэлд нэг их ач холбогдол өгөх хэрэггүй. Би тэр Холливудын одтой хийсэн ярилцлагаа “Youtube” дээртавина. Тэр үнэхээр тийм дэлхийн нэр алдартай од юм бол би тэр хүний нэрийг бас адилхан хуваалцаж идье л дээ. “Tseren tours”-ийнхээ нэрээр тавьчихъя. Тэгэхээр миний хандалт өсөөд манай компанид хандах хүмүүсийн тоо бас нэмэгдэх байх гэж бодож байна.
-Та өдөрт хэдий хэр хугацааг фэйсбүүк хуудсандаа өнгөрүүлж байна вэ?
-Өмнө нь би асар их цагийг өнгөрүүлдэг байсан. Харин одоо больж байгаа. Өнөөдөр би хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн талаар бичихэд над руу арваад чат орж ирдэг. Ийм зүйл бичиж байгаад баярлалаа, намайг хэн ч ойлгодоггүй гээд л. Тэгэхээр би тэд нартай чатлахад фэйсбүүкт өнгөрүүлж байгаа цагийнхаа ихэнхийг нь зарцуулдаг. Би хорин хэдхэн настай хүүхдээ гаргачихаад ганцаараа байхдаа асар их ганцаардаж байснаа мэдэрдэг, надад очоод сэтгэлээ хуваалцаад ярьчих хүн олдоггүй байсныг мэддэг. Тэр үед надад үнэхээр хэрэгтэй хүмүүс байсан. Тэгэхээр би тэр үед надад ямар байсан, одоо надтай харьцаж тусламж хүсч байгаа хүмүүс тийм байгаадаа гэж бодож харьцдаг. Үүний буруу гэж юу байхав. Энэ утгаараа би нийгмийн их олон хүрээний хүмүүстэй харьцдаг. Сая би энэ казак охины тухай хөндсөнөөрөө 100 гаруй казак найзтай болсон.
Монголд олон Билл Гейтс байгаа гэдгийг мэдэж байна
-Ярианы сэдвийг бага зэрэг өөрчилье. Таны стиль, имиджийн талаар асууя гэж бодлоо л доо?
-Би өмнө нь урт үстэй байсан. Урт үстэй, налмайчихсан хорин хэдтэй үеийн зурагнууд байдаг. Тэрийг харахаар би одоогийнхоос илүү овортой харагддаг юм. Би их өтгөн үстэй болохоор та нар шиг урт үстэй болох юм бол үсэндээ дарагдчихна. Би өмнө нь зураач Саранцацралт шиг өөрөө толинд харж байгаад л үсээ засчихдаг байсан юм. Одоогоос дөрвөн жилийн өмнө байхаа, нэг шинэ жилээр “Венийн вальс” цэнгүүнд “Ялла” хамтлаг ирэх гээд, тэрэнд бид нар ажлаараа гоёж орох болов оо. Тэгээд би үсчинд орсон чинь үсчин охин янзлаад л байна, бөөн юм болж болж харсан чинь намайг арван насаар ах болгочихож. Тэгэхээр нь би “Чи намайг нотариатчин авгай шиг болгочихлоо” гэж уурлаад, өөр үсчин дууд гэсэн чинь хамгийн сайн үсчин нь энэ гэнэ. Тэгэхээр нь би тэгвэл эрэгтэй үсчин байвал дууд гэсэн чинь нэг залуу гарч ирээд та үсээ яаж засуулах гээд байгаа юм бэ гэсэн.Тэр үед манай хүүхэд намайг та Нарутотой адилхан гэдэг байсан юм. Тэгээд би намайг энэ гудамжаар явж байгаа эрэгтэй хүүхдүүд шиг үстэй болгоодох гэсэн. Тэгээд л үсийг маань ийм болгосон. Би одоо ч гэсэн тэр үсчин дээрээ л очдог. Тэр үед миний үс хар байсан юм. Эхлээд үсээ шар болгосон, дараа нь тэгээд цэнхэрээр будуулчихсан. Тэгээд үсээ цэнхэр болгочихоод гудамжинд гарч ирэхэд хүмүүс цочоод л байсан. Тэр ч гайгүй ажил дээрээ орж ирээд нөхрөө хүртэл цочоосон юм./инээв/
-Та ер нь Монгол хүний үнэлэмжийн тухай юу хэлэх вэ?
-Манай улс залуучууд ихтэй. Залуус маань илүү хүчтэй байж өөрийгөө таних гэж хичээгээсэй. Энэ их чухал. Гуравхан сая хүн амтай гэхэд манай монголчууд чадвартай, боловсрол сайтай гэдгийг л бимэднэ. Гэтэл бид өөрийгөө үнэлж чаддаггүй. Заавал нэг даган дуурийх хүн хайгаад байдаг. Саяхан нэг пост фэйсбүүкээр яваад байсан даа, та нар харсан байх. “Хэрэв Билл Гейтс Монголд төрсөн бол компьютер форматлаад сууж байна” гэдэг үг ер нь үнэн шүү. Би олон Билл Гейтс Монголд байгааг мэднэ. Даанч бид өөрсдөө тоодоггүй юм.
-“Tseren tours” компани жилийн дөрвөн улиралд ашигтай ажиллаж чаддаг уу?
-Би сүүлийн хоёр, гурван жил алдагдалтай ажиллаж байна. Би одоо ч гэсэн банкны өртэй л байгаа.
-Та бол Монголдоо их аялдаг хүн. Гадагшаа ер нь хэр их аялдаг вэ?
-Өнгөрсөн жил тоолоход Европийн жижиг орнуудыг нийлүүлээд40 гаруй орон руу аялсан байна лээ.
-Таны бодлоор хувь хүний эрх чөлөө юугаар хязгаарлагдах вэ?
-Ямар хэцүү асуулт вэ. Жишээ нь, сая Ц.Уянгын асуудлыг дэлгэсэн нь би өөрийнхөө эрх чөлөөний хүрээнд хийсэн зүйл гэж бодож байна. Харин нийгэмд хүрэх тусгалынх нь хувьд хүмүүсийн хэлээд байгаа шиг ёс зүйгүй биш харин ч их ёс зүйтэй асуудал гэж хэлмээр байна. Дээрээс нь би тэнд худлаа хэлээгүй, үнэнийг л хэлсэн. Харин Уянга над руу тэгж дайраагүй бол би түүн рүү дайрахгүй шүү дээ. Учир нь энд хувь хүний эрх чөлөөний асуудал яригдана. Би хэн нэгэнд өртэй үлдэхийг хүсдэггүй. Үйлийн үр байдаг гэдэгт итгэдэг.
-Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье.
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.