Шууд Chart

Ц.Даваасүрэн: Томоохон бизнес эрхлэгчид гаалийн татвар төлөхдөө валютын ханшийг 1450 төгрөгөөр тооцно

2014-10-20 12:13:39

Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь бие даагч гишүүд мэдээлэл хийж тухайн долоо хоногт анхаарч ажиллах асуудлын талаар танилцуулдаг  уламжлалтай. Үүний дагуу өнөөдар УИХ дахь бие даагч гишүүд болох С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн мэдээлснээр бие даагч гишүүд энэ долоо хоногт хэлэлцэх Галт зэвсгийн тухай хуулийн төсөлд илүү анхаарч ажиллах хэрэгтэй хэмээн үзжээ. Ингэхдээ галт зэвсэг хэрэглэхийг хязгаарлах биш харин бүртгэл, хяналтыг сайжруулахад анхаарч ажиллах хэрэгтэй гэлээ. Учир нь хөдөө орон нутагт ганц гэрээр өвөлждөг эсвэл бүл цөөнтэй айл хоттой хонь руугаа чоно орохыг хараад суух хэцүү хэмээн Ц.Даваасүрэн гишүүн хэлсэн юм.
 
Үүнээс гадна өнгөрсөн хаврын чуулганаар оруулж ирээд унаж байсан Онцгой албан татварын тухай болон Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дахин оруулж ирснийг бие даагч гишүүд эсэргүүцэж байгаа ажээ.
 
Уг хуулийн төсөлд онцгой албан татвартай зарим бараа бүтээгдэхүүний долларын ханшийг 1450 төгрөгөөр тооцох боломж бүрдэх бөгөөд ингэснээр жирийн лангуу түрээслэж Эрээнээс бараа зөөдөг хүмүүс хохирч харин томоохон бизнес эрхлэгчид хожиж байна гэсэн юм. Түүнчлэн Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн хэлэлцэж байгаа ийм үед хийдүүлж  уг хуулийн төслийг өргөн барьсан нь энэ хуулийн төсөл өөрөө асуудалтай гэдгийг илтгэж байна гэлээ.
 
Үүнээс гадна бие даагч гишүүд энэ долоо хоногийн лхагва гарагт Оюутолгойн татварын асуудлаар холбогдох хүмүүсээс мэдээлэл сонсохор бэлтгэж байгаа бол баасан гарагт “Монгол мал” хөтөлбөрийн талаар ҮХАА-н сайд Ш.Түвдэндоржоос тайлан сонсох ажээ. Бие даагч гишүүдийн зүгээс "Монгол мал" хөтөлбөрийн хэрэгжилт хангалтгүй байна хэмээн үзэж байгаа тул ийнхүү үр дүнгийн талаар мэдээлэл сонсохоор болсон байна.
 
Энэ үеэр Х.Болорчулуун гишүүн шинээр томилогдох сайд нарын хувьд мэргэжлийн, “давхар дээл”-гүй хүн байх ёстой гэсэн бие даагч гишүүдийн байр суурь хэвээр байгаа гээд мэргэжлийн бус хүнийг сайдаар томилохыг эсэргүүцэж байна гэсэн юм. Түүнчлэн энэ долоо хоногт хэлэлцэх  Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн төслийг цаг үеэ олсон чухал хуулийн төсөл учраас анхаарч ажиллах хэрэгтэй гээд бие даагч гишүүд уг хуулийн төслийг дэмжиж байгаа гэдгийг мэдэгдсэн юм.
 
Манай улсад 54 эрх бүхий байгууллага 900 гаруй тусгай зөвшөөрөл олгодог байна. Шинээр батлагдах хуулийн төсөлд онцгой гэсэн тусгай зөвшөөрлийг 30 хоногт, энгийн тусгай зөвшөөрлийг 14 хоногт, жирийн тусгай зөвшөөрлийг долоо хоногт олгохоор заасан байдаг ажээ.
 
Уг асуудлаас гадна бие даагч гишүүд төмөр замын тээврийн бодлогын асуудалд манай улс ганцхан нарийн царигтай байх бус  хоёр дахь гарцтай байх ёстой хэмээн үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, нарийн болон өргөн царигийг хослуулах хэрэгтэй гэж үзжээ.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Ц.Даваасүрэн: Томоохон бизнес эрхлэгчид гаалийн татвар төлөхдөө валютын ханшийг 1450 төгрөгөөр тооцно  
Үзсэн: 1091 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй