Шууд Chart

Н.Алтанхуяг: Надад МАНАН байгуулах, эсвэл бусад намуудтай нэгдэх хоёр зам байна

2014-10-20 13:52:19

Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн бямба гарагт МАХН-ын дарга Н.Энхбаяртай хамтран ажиллах гэрээ байуулж гарын үсэг зурсан. Тэрээр энэ талаараа дөнгөж сая мэдээлэл хийлээ.

Өнгөрөгч 2012 оны сонгуулийн дараа УИХ-д Ардчилсан нам олонх болж чадаагүй учраас МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл болон ИЗНН-тай хамтарч ажиллах гэрээ байгуулж олонх болон Засгийн газрыг байгуулсан. Тэгэхээр өнгөрсөн хоёр гаруй жилийн хугацаанд үндсэндээ дөрвөн нам, гурван субьект  засаг барьж байсан гэсэн үг юм. Тодруулбал, АН, МАХН, МҮАН, ИЗНН болон УИХ дахь АН-ын бүлэг, “Шударга ёс” эвслийн бүлэг, ИЗНН-ын гишүүд юм.
 
Ерөнхий сайдын хэлснээр өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн МАХН-аас АН-тай байгуулсан гэрээгээ шинэчлэх, хугацаагаа сунгах саналуудыг удаа дараа тавьсан байна. Үүний дагуу өнгөрсөн тавдугаар сард АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж МАХН-тай гэрээ байгуулж болно гэсэн шийдвэрийг гаргажээ. Үүний дагуу АН болон МАХН гэрээгээ шинэчлэн байгуулсан байна. Ингэхдээ шинэчилсэн гэрээнд нэг намын гишүүн нь нөгөө намын сайдыг огцруулах саналыг өргөн барих асуудлыг зохицуулсан байна. Мөн Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийн хүрээнд анх гэрээ байгуулахдаа тавьсан квот өөрчлөгдөх эсэх талаар болон мөн хамтарч ажиллаж байгаа учраас яам, агентлагуудад ажиллаж байгаа боловсон хүчнүүдээ дэмжиж ажиллах талаарх агуулгуудыг оруулжээ.
 
Үүнээс гадна Ерөнхий сайд МАХН-ын гэрээгээ шинэчлэх  саналыг авсны дараа МҮАН-ын дарга М.Энхсайхантай уулзаж МАХН-ын тавьсан саналыг хэлжээ. Ингэхэд М.Энхсайхан зөвшөөрч санал нэг байгаагаа хэлсэн учаас гэрээ байгуулсан гэлээ. Түүнчлэн Ерөнхий сайд ИЗНН-ын дарга С.Оюунтай уулзсан бөгөөд ИЗНН ирэх бямба гарагт хуралдах хуралдааны дараа хамтран ажиллах гэрээгээ шинэчлэн байгуулах байх гэлээ.
 
АН болон МАХН-ын хооронд байгуулсан тус гэрээнд АН болон МАХН 2016 болон 2020 оны УИХ-ын сонгуульд үйл ажиллагааг уялдуулан түншлэн оролцох, хэрэв аль нэг нам нь олонхийн санал аваагүй бол хамтарч Засгийн газар байгуулах гэсэн заалтыг хамгийн эхэнд оруулжээ. Түүнчлэн намууд одоохондоо шууд эвсэл байгуулах талаар ярилцаагүй бөгөөд энэ талаар тухайн үед нь ярилцаж шийдэхээр тусгасан байна. Мөн АН, МАХН-ын гишүүд дэмжиж байгаа учраас намууд хандив авах нэрээр хараат болох асуудлыг шийдэх мөн намын санхүүжилтийг төрөөс болгох зэрэг асуудлыг дэмжиж хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх зэрэг зорилтуудыг тусгажээ.
 
Мэдээллийнхээ төгсгөлд Ерөнхий сайд өөрт нь хоёр боломж байна гэдгийг хэллээ. Тодруулбал, МАН-аас гаргаж байгаа шиг Засгийн газраа унагаж МАНАН байгуулах эсвэл МАХН, МҮАН, ИЗНН-тай хамтарч Засгийн газраа тогтвортой байлгах гэсэн хоёр сонголт байгаа аж. Харин Ерөнхий сайд Засгийн газраа тогтвортой байлгахын тулд МАН бус харин бусад нам эвслүүдтэй нэгдэж байна гэдгээ албан ёсоор мэдэгдсэн юм.
 
Түүнчлэн Ерөнхий сайдын гаргасан бусад нам эвсэлтэй нэгдэх саналыг АН-ын бусад гишүүн эсэргүүцэж байвал ҮЗХ хуралдаж шийдвэрээ гаргаж болох ажээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Н.Алтанхуяг: Надад МАНАН байгуулах, эсвэл бусад намуудтай нэгдэх хоёр зам байна   
Үзсэн: 1649 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй